П.Цэрэндагва: Төр минь намайг гурван удаа үнсэхдээ өр нэхэхгүй хишгээ хүртээлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Монголын шинэ цагийн театр урлагийн байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдэд шагнал гардуулав. Өнөөдөр УДЭТ-аас хоёр Хөдөлмөрийн баатар төрөн гарав. Тодруулбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нар Хөдөлмөрийн баатар гэх эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо. Ингээд уншигч та бүхэнд шинэхэн Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагвын сэтгэгдлийг хүргэе.

Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва:

-Төрдөө үнсүүлж байгаа хүний сэтгэл өндөр байлгүй яах вэ. Би төрдөө гуравдахь удаагаа үнсүүллээ. Нэг л зүйлд сэтгэл их өег явна. Төр минь намайг гурван удаа үнсэхдээ өр нэхэхгүй хишгээ хүртээсэнд баярлаж явдаг юм. Театрынхаа түүхт 90 жил, Улс хувьсгалын 100 жил гээд түүхэн ойн жилүүдэд төрдөө үнсүүлсэндээ огшиж, цаашдаа бодож санаж, хийх ажлаа төлөвлөж сууна даа. Үе, үеийг өртөөлж театрыг өнөөдрийг хүртэл авч ирсэн уран бүтээлчдэдээ мөргөе.

Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж, театрын оргил үеийг эзэгнэж явсан үе тэнгийнхэндээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхэд бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ мөргөе. Та бүхнийхээ итгэл сэтгэлийг үүрч, дүүрч явах ноён нуруугаа алдахгүй гэдгээ үзэгчдэдээ хэлэхийг хүсэж байна. Аливаа зүйлийн ард талд хань гэж маш чухал хүн бий. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй хүний ард хань байдаг юм шүү. Ханьдаа маш их баярлалаа. Гурван хүүхдийг минь тээж, төрүүлж өгсөн чамдаа баярлалаа. Та бүхэн бие эрүүл, ухаан саруул, итгэл бат байж үйлс буян дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.