С.Мягмар: Кино урлагт “нар” гарч байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-04

Нийгэмд гэрэл гэгээтэй контент түгээж, түүгээр дамжуулан нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилгоор Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, “Боролдой” студитэй хамтран “Дува” богино хэмжээний киноны анхдугаар наадмыг санаачлан зохион байгуулж, даваа гарагт наадмын шилдэгүүдийг тодрууллаа.  Наадамд нийт 15 баг мэдүүлгээ өгснөөс найман баг шилмэл бүтээлүүдээрээ өрсөлдөж, “Мон гал” филмийн “Амьдрах сайхан” , Э.Отгон-Эрдэнийн “Зүрхээ чагна”, Б.Анх-Эрдэнийн “Сэгүүр” гэх кинонууд шилдгээр шалгарсан юм. УГЗ, АЖ Г.Жигжидсүрэн шилдэг бүтээлийн шагналыг гардуулж өгөх үедээ “ Монголын шинэ үеийн уран бүтээлчдийн сэтгэлгээ, уран бүтээлийн эрэл хайгуул шинэ шатанд гарах эхлэлээ тавьсан юм байна гэдгийг энэхүү кино наадмаар харж байна. Тиймээс энэ наадмыг санаачлан зохион байгуулсан Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн хамт олонд Монголын киноны уран бүтээлчдийн өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Кино урлагт маш үнэтэй ахиц дэвшил болох ажлыг эхлүүллээ” хэмээн онцлов.

“Дува” богино хэмжээний кино наадмын шүүгчээр зохиолч, яруу найрагч Д.Урианхай, УГЗ, АЖ кино найруулагч Жигжидсүрэн, СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал, “Блак бокс” театрын найруулагч М.Боролдой, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны судлаач н.Одгэрэл нар ажиллаж, шилдэг гурван бүтээлийг шалгаруулжээ. Анх удаагаа зохион байгуулж байгаа уг кино наадмыг шүүгчид болон мэргэжлийн түвшнийхэн өндрөөр үнэлж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд байгааг ёслолын үеэр онцолж байлаа. Кино наадамд ирүүлсэн бүтээлүүдийн талаар “Боролдой” студийн найруулагч С. Мягмар  хэлэхдээ “Наадамд ирүүлсэн бүтээлүүдийг үзээд найруулагч хүнийхээ хувьд маш их баярласан. Шилдэгт шалгарсан гурван кино маш сайн бүтээлүүд байна. Би ийм хэмжээний кино хийж чадахгүй байх гэж бодогдлоо. Мэргэжлийн гэгддэг бидний нүүрийг улайлгамаар чанартай бүтээлүүд болжээ. Шинэ залуу үед маань маш чадварлаг, мэдрэмжтэй уран бүтээлчид төрөн гарч ирж байгаа нь энэ кино наадмаас харагдлаа. Гурван шилдэг киноны хоёр нь нэлээд реализм талдаа, нэг нь сэтгэлгээний шинжтэй, хүний сэтгэлийн гүн рүү шагайсан бүтээл байна.

Ялангуяа хажуу айлынхаа уйлж байгаа хүүхдийн дууг залуухан эмэгтэй хэрхэн хүлээж авч байгааг харуулсан киног онцолмоор байна. Чимээг хооронд монтаж хийж, бүүвэйн дууг, хүүхдийн уйлах дуутай уусгаж байгаа зэрэг нь маш өвөрмөц шийдэлтэй час хийсэн бүтээл болсон санагдлаа. Мөн загасчны тухай кино байна. Би эдгээр бүтээлүүдийг сайн биш гайхалтай гэж хэлмээр байгаа юм. Нийгмийг сайн сайханд уриалан дуудсан сайхан бүтээлүүд болжээ. Хэрэв энэ ажлыг тасалдуулахгүйгээр сар бүр гурав, гурван кино гаргаад байвал залуу уран бүтээлчид улам туршлагажиж, Каннын богино хэмжээний кино наадам ойрхон байна. Богино хэмжээний сайн кино хийнэ гэдэг том кино хийхийн эхлэл шүү дээ.  Монголын кино урлагт сайхан ирээдүй харагдаж байна. Чадварлаг залуу уран бүтээлчид өм, цөм гишгэлэн орж ирж байна. Найруулагч хүнийхээ хувьд “нар гарч” байна” хэмээн дүгнэв. Ийнхүү анх удаагаа зохион байгуулагдсан “Дува” богино хэмжээний кино наадам амжилттай болж, “онц” дүн авлаа.