Сурагч Н.Айшолпаныг Алтан гадас одонгоор шагналаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-27

Хүчирхэг эрчүүд л өрсөлддөг гэх имиж бүхий бүргэдийн баярт 13 настайдаа оролцож, эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүд шиг ан хийж чаддаг гэдгийг дэлхий дахинаа харуулж, басхүү Монголоо сурталчилж чадсан Н.Айшолпан Алтан гадас одон хүртлээ.

Өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулсан юм.

Тэгвэл эдгээр эрхмүүдийн тоонд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпан багтаж, энгэртээ Алтан гадас одон зүүжээ. Тэрбээр өнгөрсөн онд “Азийн дүрэм өөрчлөгч” гэх нэр хүндтэй шагналыг Монголоос анх удаагаа хүртэж байсан билээ.