Лэди Гага: Би сандарч, бас айсан

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-31

Дэлхийн соёл урлагийн салбарт аль хэдийнэ өөрийн гэсэн хүрээлэлтэй, дуучин Лэди Гага саяхнаас кино урлагт хүч үзэх болсон билээ. Тэрбээр өнгөрсөн жил жүжигчин Брэдли Купертэй хамтран кино төсөлд ажилласан бөгөөд кино нь дэлгэцнээ гарсанаас хойш түүний жүжиглэх ур чадвар урлагийн ертөнцийн ярианы сэдэв болох болсон. Үүнийг батлах мэт дуучин бүсгүй кино урлагийн хамгийн хүндтэй наадам болох Оскарт “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшээд байгаа билээ. Тэгвэл түүний кино урлагийн амжилтын эхлэл болж буй уран бүтээлийнхээ талаар хамтрагчтайгаа хамтдаа өгсөн ярилцлагыг энэ удаа онцолж байна. 

-“A star born” уран бүтээлийн төсөлтэй хэрхэн холбогдсон бэ. Энэ талаар ярилцлагаа эхлэе?

Брэдли Купер: Яг ийм л кино хийе гэсэн бодол аль эрт л төрж байсан юм. Гэхдээ би л өөрөө өөрийгөө удирдан чиглүүлэх ёстой учраас зориглоод эхлүүлэхээр шийдсэн.  Одоо биш бол яг хэзээ гэж. Тийм биз дээ. Би хайрын түүхэнд дуртай. Тэр нь зохиомол, бодит хайрын түүх, эсвэл хагацлын түүхийн аль нь ч байж болно. Би нэг удаа хөгжимчин хосуудтай найзууд болж, тэдний концертод оролцож байсан юм. Тэдний нэг нь бөмбөрчин байж билээ. Тэгээд тайзан дээрээс биднийг үзэхээр ирсэн хүмүүсийг хараад “Кинон дээр ч харж чадахгүй” тийм гайхалтай мэдрэмж авсан. Бид ихэвчлэн сонсогчид байдаг. Би Клинт Ийсвудыг маш их хүндэлдэг. Түүний арга барилыг ч ажигладаг. Үргэлж л “Тэр 41 настайдаа “Play Misty for me”-ыг хийсэн шүү дээ гэх бодол хөвөрдөг байсан юм. Тэгээд л би ч гэсэн үүнийг хийх ёстой гэж бодож эхэлсэн. 

-Тэгвэл Лэди Гага, та яагаад энэ кинонд тоглохоор болсон юм бэ?

Лэди Гага: Энэ залуу байгаа болохоор. Би Брэдлиг “A star is born” киноны голд дүрд тоглохоос гадна найруулна гэдгийг нь сонссон байсан. Би чинь энэ гайхалтай жүжигчний шүтэн бишрэгч учраас кино хэзээ дэлгэцнээ гарахыг хүлээж байлаа. Тэр авьяасаа энэ бүтээлээрээ тэсрэлт хийж гаргана гэдгийг мэдэж байсан. Гэхдээ надад гол дүрд тоглох санал тавина гэж огт төсөөлөөгүй шүү. 

-Кинонд хамтарч ажиллахаасаа өмнө нэг нэгийгээ таньдаг байсан уу?

Брэдли Купер: Үгүй, Хоёр жилийн өмнө л тоглолт дээр хальт таарч байсан. 
Лэди Гага: Бид хоёр футын зайтай зөрж өнгөрөхдөө юу ч яриагүй. 

-Гага, Аллид тоглохдоо дүрийн сонгон шалгаруулалтад орсон уу?

Леди Гага: Тийм ээ. Кинонд тоглохын тулд мэдээж, урьдчилсан шалгаруулалтад оролцсон. 
Брэдли Купер: Эднийд нэг өдөрт 10 хуудас зохиолын зураг авч байсан. Бид яг л цахилгаан шиг гялалзуулж, бүх л үйл явцыг гайхалтай давж байсан. 8 цагийн дотор 10 хуудас зохиол гэдэг бол хэн хүний чадах зүйл биш. 
Леди Гага: Бид манайд төгөлдөр хуурны ард суугаад, би түүний дуулахыг сонсоод л байсан. Тэр үед “Брэдли чинь дуулж чаддаг юм байна шүү дээ” гэж бодож байлаа. Бид нэг нэгийгээ маш сайн ойлгож, эв нэгдэлтэй байсан шүү. Бидний хамгийн анх хамтдаа дуулсан бичлэг хүртэл байгаа. 

Брэдли Купер: Тэр миний утсан дээр байгаа. Бичлэгээ үзээд, би ийм байхад тэр ямар азаар саналыг маань хүлээж авсан юм бэ гэж боддог. 

-Шууд л ажилдаа орсон хэрэг үү?

Брэдли Купер: Уулзаад л эхэлсэн. 
Леди Гага: Бид хоёулаа Зүүн эрэгт байсан нь энэнд бас нөлөөлсөн байх. 
Брэдли Купер: Бид хоёулаа итали школатай. Гэр бүлийн хэв маяг маань ч их төстэй. 
Леди Гага: Киноны санал авахаасаа өмнө би гэртээ шпагетт, бөөрөнхий мах хийж байсан. Үнэндээ гол дүрд тоглохын тулд түүнд студи гэх мэтээр юу хэрэгтэй байгаа тэр бүхнийг нь үзүүлэхэд бэлэн байсан. 
Брэдли Купер: Тэр үнэндээ надад юу ч үзүүлээгүй шүү. Кинонд тоглох санал тавихаар тэднийд анх удаа очихдоо шийдвэрээ гаргасан. Тэгээд гар барилцаж, үүнийг хийцгээе гэж тохиролцсон юм. Ингээд л бидний урт аялал эхэлсэн дээ. Тэр миний талаарх бүх зүйлийг мэддэг. Мэдэхгүй зүйл бараг байхгүй байх. Миний хувьд ч гэсэн адилхан гэж бодож байна. 

-Гага таны дүр Жюди Гарланд, Жанет Гэйнор нарыг санагдуулж байсан. Та энэ дүрээрээ карьертаа өөрчлөлт авчрахыг хүссэн үү?

Леди Гага: Үгүй ээ, би энэ киног бүх цаг үеийн шилдэг кино болно гэж бодоогүй. Ямар ч төслийн талаар  ингэж бодож байсангүй.  Зүгээр л түүний надад хэлэхийг хүссэн зүйлд итгэсэн. Зохиол таалагдсан болохоор л би орж ажилласан. 

-Зураг авалт хэрхэн эхэлсэн талаар яриач?

Леди Гага: Хамгийн эхлээд нүүрнийхээ бүх будгийг арилгасан. Дараа нь үсээ төрөлхийн, хуучин өнгөнд нь оруулсаны дараа Аллигийн дүрд тоглох боломжтой болсон. Яг үнэнийг хэлэхэд би тайзан дээр Жаксон Мэйнтэй гарна гэхээс айж байсан. Учир нь үргэлж Брэдли Купертай тоглож байсан болохоор. Бас маш авьяаслаг хүмүүсийн дунд байгаа гэдгээ үргэлж мэдэрч байсан. Киноны тайзан дээр гитартай дуу дуулдаг хэсэгт би маш их сандарч, бас айсан. 

-Киноны саундтрак, хөгжмийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Брэдли Купер: Хөгжим ч гэсэн зохиол шигээ кино урлагт хувьсал хийсэн гэж бодож байна. Бид зохиолоороо дамжуулж юуг илэрхийлэх вэ гэдгээ мэдэж байсан. Тэгэхээр хөгжим нь ч гэсэн киноны нэг дүр байсан. 

-Гага, зураг авалт дууссаны дараа хамгийн анх киногоо үзэхэд ямар санагдсан бэ?

Леди Гага: Киногоо үзээд дуусан дуустал нь уйлсан. Кино үзэгчдэд хүрэх хүртэл олон удаа давтаж үзсэн.