GOT трэйлерийг 24 цагийн дотор 84 сая хүн үзжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-15

1990-ээд оны дунд үед “Халтар царайт” телевизийн олон ангит кино монголчуудыг байлдан дагуулж байв. Кино гарч байх үед гэмт хэргийн гаралт эрс багасч, троллейбус хүртэл зогсдог байсан гэдэг. Тэгвэл тус кинотой нэгэн адил зөвхөн монголчууд гэлтгүй дэлхий нийтийг байлдан дагуулж буй “Game of Thrones” буюу “Хаан ширээний тоглоом” киноны шинэ цуврал манай цагаар өчигдөр эхэллээ. Цуврал АНУ-д ням гарагийн үдэш 20.00 цагт цацагдаж эхэлсэн бөгөөд энэ нь цагийн зөрүүний улмаас Монгол, Австрали зэрэг улсад өчигдөр өглөө гарч эхэлсэн юм. Австралид уг цувралыг үздэг хагас сая гаруй хүн байдаг аж. Тиймээс  ийм тооны хүн ажлаа тасалж, эсвэл ямар нэг шалтгаанаар чөлөө авахыг үгүйсгэхгүй гэдгийг албаныхан тодотгосон байна билээ. Ингээд “Хаан ширээний тоглоом” цуврал киноны талаар болон өчигдрөөс үзэгчдэд хүрч эхэлсэн шинэ бүлгийн талаарх зарим сонирхолтой баримтыг уншигчиддаа хүргэж байна.


 

Кино 30 сая хүнд хүрдэг

Цувралын хамгийн эх­ний ангийг дэлхий даяар дунд­чаар 2.5 сая хүн нэгэн зэрэг үзэж байжээ. Харин давтан үзсэн тоог оруулбал энэ тоо 9.3 саяар тоологдоно. Тэгвэл хоёр дахь цувралыг 14.2 сая хүн үзэж байсан бол дөрөв дэх цувралаас энэ тоо огцом өсч, 18.4 сая болсон байна. Харин зургаа дахь цувралыг дэлхий даяар дундчаар 25 сая хүн нэгэн зэрэг хүлээн авч үзэх болсон бөгөөд үүний 40 хувь нь HBO-гийн дижитал хувилбараар хүлээн авч үздэг гэсэн тоон мэдээлэл байна. Түүнчлэн, долоо дахь цувралд үзэгчдийн тоо дунд­чаар 30 саяд хүрсэн бол найм дахь цуврал хэдэн хүнд хүрэхийг таах аргагүй. Учир нь өнгөрсөн сард киноны трэйлер цацагдахад ердөө 24 цагийн дотор 84 сая хүн үзжээ. 

Гол дүрийн цалин 500 мянган “ногоон”

“Телеграф” сайтад мэдээлснээр гол дүрүүд болох Жейми, Серсей, Тирион, Жон Снөү, Дейенерис нар анги тус бүрээс 500 мянган ам.долларын цалин авч байгаа гэнэ. 

Наймдугаар бүлэг зургаан ангитай

HBO эхний зургаан бүлгийг тус бүр 10 ангитай бүтээсэн. Харин долдугаар бүлэг долоон ангитай байсан бол сүүлийн бүлэг зургаан ангитай байх нь. Энэ бүлгийн эхний гурван анги 60 минут орчим хугацаанд үзэгчдийг огтхон ч уйдаахгүй байх бол төгсгөлийн гурван анги нь 80 минут үргэлжлэх аж. 

Аюулгүй байдал нэгдүгээрт

HBO “Хаан ширээний тоглоом” цувралын дол­дугаар бүлгийн эхний таван ангийг хулгайд алдаж байсан билээ. Тухайн үед хакерууд тус телевизийн системд хал­даж, кинонуудыг хулгайлан интернэтэд нээлттэй байд­лаар цацсан байдаг. Тэгвэл энэ алдааг дахин давтахгүйн тулд наймдугаар бүлэгт аюул­гүй байдлыг нэгдүгээрт тавьсан байна. Улмаар кино зураг авалт эхлэх хүртэл зохио­лыг жүжигчдэд өгөө­гүй аж. Тэд өөрсдийн дү­рийн харилцан ярианы үгийг л зөвхөн баталгаат и-мэйлээр хүлээн авч байсан гэнэ. HBO 2016 онд кино хоёр бүлэг хийгдээд дуусна гэд­гийг зарлаж байсан юм. Тиймээс энэ бүлэг бол дэл­хий нийтийг байлдан дагуул­сан цувралын төгсгөл байх магадлалтай. 

Киног бүтээхэд сая 90 ам.доллар зарцуулсан

“Хаан ширээний тоглоом” цувралаас хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүлэг нь эдүгээ үзэгчдэд хүрч эхэлсэн наймдугаар бүлэг болж байгаа аж. Тус бүлгийн зургаан ангийг бүтээхэд нийтдээ 90 сая ам.доллар зарцуулсан бөгөөд нэг ангид л 15 сая ам.доллар шаардагдсан байна. 

Дөрвөн найруулагч ажиллажээ

Шинэ бүлгийн нэг, хоёр, дөрөвдүгээр ангийг Дэвид Наттер найруулсан бол Мигель Сапочник гурав, тавдугаар ангийг найруулжээ. Харин төгс­гөлийн ангийг Д.Б Уайсс, Дэвид Бениоффф нар хамтран найруулсан байна. 

Зохиолыг дөрвөн зохиолч хамтран бичсэн

Сүүлийн бүлгийн зохио­лыг дөрвөн хүний бүрэл­дэхүүнтэй баг бичжээ. Тодруулбал, Д.Б.Уайсс, Дэвид Бениофф, Дэйв Хилл болон Брайн Когман нар ажилласан байна. 

“Гал мөсний дуун” романаас сэдэвлэжээ

“Хаан ширээний тоглоом” цувралын эх зохиол нь  зохиолч Жорж Мартины “Гал мөсний дуун” роман гэдгийг кино сонирхогчид андахгүй биз ээ. Харин цувралыг үзэж байгаагүй хүмүүст хэлэхэд, зохиолч киноны эх зохиолыг 1991 онд эхэлж, 1996 онд нийтийн хүртээл болгож байжээ. Харин 1997 онд зөгнөлт уран зохиолын хамгийн том шагнал болох “Хюго Авардс”-ын шилдэг роман болж байсан аж. Зохиолч киноны эхний дөрвөн  бүлгийг бичсэн бол сүүлийн бүлгүүдийг зургаан зохиолч хамтран бичиж байгаа гэнэ.