Хүүхэд хамгааллын элч А.Дэлгэрцэцэг дэлхийн гоо ээжүүдийн нэгээр шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-04

Дэлхийн үзэсгэлэнт ээжүүдийн дунд явагддаг “Mrs world” тэмцээн дөрөвдүгээр сарын 29 нөөс тавдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Лас-Вегас хотноо болж Монгол Улсаас “Mrs Mongolia” Улсын анхдугаар уралдааны “Алтан эрдэнэ” шагналын эзэн, Алдарт эх, БСШУСЯ-наас батламжилсан “Хүүхэд хамгааллын элч А.Дэлгэрцэцэг амжилттай оролцож 41 орны гоо ээжээс шилдэг зургаан гоо ээжийн нэгээр шалгарлаа.

“Зөв гэр бүл - Зөв хүүхэд - Зөв нийгэм” уриан дор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар" "Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ холбоо", "Алунгоо эх" ТББ, "Алдарт эх цахим нэгдэл”,-ын хамтран зохион байгуулсан “Mrs Mongolia World 2018 -Гоо Ээж" Улсын анхдугаар уралдааны Алтан Эрдэнийн өргөмжлөлийг Алдарт Эх А.Дэлгэрцэцэг хүртсэн.

Тус тэмцээний зорилго нь хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлэх , гэр бүл салалт,үр хөндөлт, архидалт мансуурал зэрэг ёс суртахуунгүй бусармаг явдлыг эсэргүүцэж, нийгэмд үлгэр дуурайлал болох, сайн сайханд уриалах, нийгмийг соён гэгээрүүлэх юм.

Тэр утгаараа монголын сайхан ээжүүдийн төлөөлөл А.Дэлгэрцэцэгийг БСШУСЯ-наас өнгөрсөн оны 12 дугаар сард “Хүүхэд хамгааллын элч” хэмээн батламжилсан билээ.

“Хүүхэд хамгааллын элч” нь хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг ээжүүдэд хүргэх, хүүхдээ зөв хүмүүжүүлэх, гэр бүлээ аз жаргалтай амьдруулах, нийгмийн сайн сайханы төлөө ээжүүдийн хүчийг нэгтгэн тэдний дуу хоолой үлгэр дуурайлыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм.