Б.Нацагдорж: Дэлхийд данстай хөгжмийн компани байгуулахыг мөрөөддөг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-10

“Яг түүн шиг” шоуны оролцогч, хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж буюу Накиг “Ярилцах танхим” буландаа урилаа. 

-Уран бүтээлийн сонин хачинаас яриагаа эхэлье гэж бодлоо. Шоуны хажуугаар уран бүтээл дээр ажиллах цаг зав гарч байна уу?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өд­рийн мэнд хүргэе. Шоу эхэлчихсэн байгаа бо­лохоор нэлээд ачаалалтай ажиллаж байна. Уран бүтээлийн хамгийн сүүлийн үеийн сонин гэвэл 2018 оноос хойш хийсэн уран бүтээлүүдээ нэгтгээд “Ми Сенти” дууныхаа нэрээр нэрлэсэн  альбомоо гаргах гэж байна. Альбомын ажил ерөнхийдөө дуусч байгаа. Ирэх долдугаар сард нээлтийг нь хийхээр бэлтгэж байна. Өмнө нь гаргасан дөрвөн дуун дээрээ нэмээд таван дуу шинээр хийж, нийт 10 трактай альбом хийхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Хажуугаар нь шоуны ажил гээд ачаалал их байна.

-“Ocean grey” студийнхээ ажлаас түр завсарлаад байгаа сурагтай байсан. Маш олон гоё гоё дуунуудыг хийсэн студи юм билээ. Яагаад студиэсээ гарчихав. Таны хувийн студи биз дээ?

-Найзтайгаа хамтраад энэ студийг 2013 анх байгуулж байсан юм. Маш олон уран бүтээлүүд гаргасан байдаг. Студийн ажил гэдэг маш их ачаалалтай байдаг учраас хувийн уран бүтээл хийх цаг зав гардаггүй. Тиймээс хувийн уран бүтээлдээ цаг зав гаргах үүднээс студийн ажлаасаа 2017 онд гарсан. Үүнээс өмнө студиэ хөл дээр нь босгохын тулд бүх уран бүтээлээ студийнхээ нэрээр нэрлэж байсан юм. 2017 оноос хойш гаргасан уран бүтээлүүдээ өөрийнхөө нэрээр гаргаж байна. Дуучин хүн өөрийнхөө дууг хийх гэж студи байгуулдаг бол миний хувьд бусад уран бүтээлчдийн дуунуудыг чанартай хийхэд ихэнх цагаа зарцуулж байсан. Өөрийнхөө уран бүтээлийг хийх цаг зав гардаггүй юм билээ. Студийн захиалга бүтэн жилээр гарчихсан байдаг учраас өөрийнхөө уран бүтээлд цаг гаргах боломжгүй. 

-СУИС-ийн хөгжмийн найруулагчийн ангийн анхны төгсөгч гэж сонссон. Дуучин хүн хөгжмийн найруулагч байна гэдэг маш том давуу тал байх. Уран бүтээлийнхээ хөгжмийн найруулгыг өөрөө хийдэг үү?

-Хүүхдийн ордонд байсан найман жилийн хугацаандаа дуулах суурь техникийг заалгасан байсан учраас СУИС-д дуулаачийн мэргэжлээр сурахаас илүү өөр талаар өөрийгөө хөгжүүлье гэж бодсон хэрэг л дээ. Ядаж л өөрийнхөө дууг өөрөө зохиочихдог болъё гэсэн үүднээс СУИС-ийн Хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолчийн ангиудыг төгссөн. Хөгжмийн зохиолчийн ангид хоёр жил, найруулагчийн ангид дөрвөн жил суралцсан. Нэлээд хэдэн жилийг сурахад зориулсан. 

-Тэгэхээр дууныхаа хөгжмийг өөрөө зохиодог гэсэн үг үү?

-Тийм ээ. Бүх дуугаа өөрөө зохиодог. Дууныхаа аяыг, хөгжмийн найруулгыг өөрөө хийдэг. “Ocean grey” студиэс гарсан бүх уран бүтээлийн аяыг зохиосон байдаг. Студидээ бол цэвэр ая зохиогчийн ажлыг хийдэг байсан юм. Одоо ч гэсэн өөрийнхөө дуунуудын аяыг зохиож, хөгжмийн найруулгыг хийгээд явж байна. Харин дууныхаа шүлгийг бичих зав гардаггүй юм.

-Дууныхаа шүлгийг хэрхэн сонгодог вэ?

-Тухайн дууг хийх анхны санаа төрөх үед л иймэрхүү утгатай шүлэг байвал зүгээр гээд зохиолчтойгоо ярилцдаг. Заримдаа яруу найрагчдын шүлгийг уншиж байхад үнэхээр таалагдсан, маш гоё шүлэг байвал дуу хийж болох талаар зохиолчтойгоо ярилцаад, дуу бүтэх тохиолдол ч байна. Дууны уран бүтээл гэдэг шүлгээсээ ургасан аялгуу, аялгуунаас төрсөн шүлэг гэсэн зарчмаар бүтдэг гэхэд болно. Тэгэ­хээр яг тогтсон шалгуур гэж байхгүй гэсэн үг. 

-Дуучин А.Хишигдалай, Б.Хулан нартай хамтарсан уран бүт­ээл гаргаж байсан. Цаашдаа ер нь хамтарсан уран бүтээл гаргах санаа бий юу?

-А.Хишигдалайтай хамтарч дуу гаргахаас өмнө “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболортой хамтарч дуу хийсэн. Маш гоё уянгын дуу байгаа. Удахгүй цомгоо гаргахаар хүмүүс сонсох байх. Одоо “Говийн домог” киноны гол дүрийн жүжигчин Б.Замилантай хамтран уран бүтээл хийж байна. Б.Замилан киноныхоо дууг маш гоё дуулж, хүмүүс ч энэ дуунд нэлээд дуртай байдаг. Бидний хамтарч дуулсан дууг түүнээс ч гайхалтай, маш чадварлаг дуулсан. “Ирээдүйг өнгөлнө” нэртэй дуу маань энэ зундаа багтаад гарна. 

-Удахгүй Б.Замилан Наки нарын “хослол”-ыг сонсох нь ээ. Таны амжилтуудын талаар яриагаа үргэлжлүүлмээр санагдлаа. “Universe best songs” шоу үүний нэг байх гэж боддог. Бараг анхных нь дугаарт оролцож байсан байх?

-Энэ шоу бол намайг урлагийн хүн болох хамгийн том суурийг тавьсан, хамгийн их түлхэц болсон контент. Үндэсний хэмжээний анхны том шоу байсан учраас Монголчууд маш дуртай, маш их үздэг байсан. Тэр ч утгаараа намайг дэмждэг хүн их болсон. Урлагийн салбарт өөрийнхөө авьяас чадварыг дайчилж, энэ салбараас холдохгүй зүтгэж яваа минь ч үүнтэй холбоотой. Тухайн үед би гоё дуулъя л гэсэн бодолтой орж байсан. Гэтэл эндээс миний амьдралын маш том суурь тавигдсан байдаг. 17-хон настай, нэгдүгээр курсийн оюутан байсан үе л дээ. Шилдэг 25-д үлдэж, “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглож байлаа. Б.Хулан гээд дуучин охинтой хамтран хосын дүрийг бүтээж байсан юм. Энэ бол хэчнээн ч сар жил өнгөрсөн амьдралын минь хамгийн чухал, сайхан дурсамжуудыг бүтээсэн үе байсаар байх болно. 

-Багаасаа л урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан уу?

-Үгүй. Дуучин болно гэж огт бодож байгаагүй гэхэд болно. Одоо бодоход их тогтворгүй зантай хүүхэд байсан юм шиг байгаа юм. Ээжийг өвдөхөд эмч болно гэж мөрөөдөж байснаа нөгөөдхөө нэг мэдэхэд мартчихна. Тэгээд аавыгаа машин барихаа боливол жолооч болно гэж бодно. Ер нь аливаа зүйлийг маш сайн хийж чадаж байгаа хүнийг харахаараа л нөгөө мөрөөдөл маань өөрчлөгдөөд, “энэ хүн шиг л хүн болно доо” гэж боддог байсан юм. Багш хүн мундаг харагдахад багш болно гэж бодох жишээтэй. Гэхдээ надад байгалиас өгөгдсөн багахан авьяас байсан нь дуулах байсан болохоор аав, ээж минь түүн рүү чиглүүлсэн юм шиг байгаа юм. Ээж маань анх Хүүхдийн ордонд дагуулж очиход “Би дуулахгүй. Зүгээр төгөлдөр хуур тоглодог болмоор байна” гэж байсан гэсэн. 

-Дуучин болох суурийг ээж нь тавьсан юм биш үү. Танайханд урлагийн хүн байдаг уу?

-Урлагийн хүн байхгүй. Гэхдээ аав, ээж хоёр минь хоёулаа сайхан дуулдаг хүмүүс. 

-Энэ хүн шиг л болох юм сан гэж үлгэр жишээ авч явдаг хүн хүн бүрт байдаг. Таны хувьд үлгэр жишээ авдаг хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Тийм шүү. Миний үлгэр жишээ авч явдаг уран бүтээлч бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров. Н.Жанцанноров гуай бол үнэхээр агуу уран бүтээлч мөн. Түүнээс би чадахаараа их зүйлийг сурахыг хичээдэг. Олон ч зүйлийг түүнээс сурч яваа. Н.Жанцанноров гуайн туулж өнгөрүүлсэн зүйлс, түүнээсээ олж авсан туршлага, ертөнцийг үзэх үзэл, аливааг ул суурьтай, мэргэжлийн хүний үүднээс харж, мэдэрч байгаа өнцгүүд нь үнэхээр ер бусын санагддаг. Түүний бичсэн, зохиосон уран бүтээлүүд нь түүнийг түүхэн хүн болгож байгаа юм. Энэ агуу хүнийг амьд сэрүүн байхад, нэгэн цаг дор амьдарч яваадаа бахархдаг. Б.Шарав, Б.Магсаржав гээд гайхалтай уран бүтээлчид олон л доо. Гэхдээ яагаад ч юм Н.Жанцанноров гуай надтай ойрхон мэдрэмжтэй ч юм шиг санагддаг.

Магадгүй би тэр хүний уран бүтээлийг бусад хүнийхээс илүү мэдэрч сонсдог болохоор байх. Түүний бүтээлүүдэд дандаа уян зөөлөн шинж чанар агуулагддаг. Үгээр дүрсэлж хэлбэл “аядуу урссан, зөнгөөрөө” гэдэг үгс зохимоор. Тэр бол аялгуулаг уран бүтээлч. Бусад хөгжмийн зохиолчид техник талаа илүү чухалчилж, онолыг онцолдог бол Н.Жанцанноров гуай бол цэвэр аялгуу. Түүний аялгуунд бүх юм шингэдэг. Бүх мэдрэмжээ аялгуугаараа илэрхийлдэг. Тэгээд л бүтээлүүд нь хүмүүст хүрч, түүхэн бүтээл болж чаддаг байх. Тийм ч учраас би дууныхаа аялгуунд бүх анхаарлаа фокусладаг. Тухайн уран бүтээлийг би юу мэдэрч хийсэн байна түүнийг сонсогчид над шиг мэдэрч байвал л би жинхэнэ дуу зохиож, уран бүтээл хийж гэж бодох ёстой.

-Таны ярианаас уран бүтээлч хүний хувийн онцлог, мэдрэмж гэдэг маш чухал зүйл юм шиг санагдлаа. Таны уран бүтээлийн онцлог юу вэ?

-Уран бүтээлч хүнд өөр өнгө төрх, өөр өнцөг гэж байх ёстой байх. Ингэж яривал хэт өөрийгөө дэвэргэсэн болох байх л даа. Гэхдээ би ямар ч стилийн хөгжмийг мэдэрч, ойлгодог гэж боддог. Яг тэр урсгал, стилээр нь уран бүтээл хийж чадна. Би хөдөө төрж өссөн хургачин, тугалчин л хүүхэд байсан. Гэхдээ дэлхийн ямар ч урсгалын хөгжмийн ойлгож, мэдэрч чадаж байна. Ямар ч урсгалаар уран бүтээл туурвиж чадна гэж боддог. Хүссэн стилээрээ уран бүтээл хийж чадна. Сүүлийн үед уртын дуугаар өөрийгөө хөгжүүлж байгаа. Хэрвээ дэлхийн тайзанд гарвал яагаад уртын дуутай поп дуу хийж болохгүй гэж. Өөрийнхөө мэдрэмжийг мэддэг, мэдэрдэг, чадна гэж боддог, бодлоо биелүүлдэг чанар минь л миний онцлог гэх юм уу даа. 

-Таны хэлээд байгаа уран бүтээлээ хийхдээ мэдэрсэн уран бүтээлчийн мэдрэмжийг сонсогч мэдэрч байвал хүний зүрхэнд хүрсэн бүтээл болдог юм биш үү. Сайн уран бүтээлийн гол чанар нь юу гэж хардаг вэ?

-Хүнээс маш их шалтгаална л даа. Тухайн хүний мөн чанар, оюун санааны үзэл баримтлал гээд олон зүйл хамаатай байх. Зөвхөн авьяасаас гадна тэр хүн мэдрэмжээ тархиндаа боловсруулж байгаа шүү дээ. Байгалиас заяасан өгөгдөл, мэдрэмж, эмх цэгц, мэргэжлийн ур чадвар гээд энэ бүгдийн нийлэмж төгс хэлбэр рүүгээ дөхөх тусам сайн уран бүтээл болдог гэж боддог. Бас уран бүтээлд гаргаж байгаа хөдөлмөр, золиос гээд бүх зүйл энд хамаатай байх. Тэгэхээр сайн уран бүтээл гэдэг ямар нэг зүйлээс биш бүх зүйлээс шалтгаалдаг. Цаг үе ч гэсэн их нөлөөлнө. Цаг үеэ мэдэрч уран бүтээл хийнэ гэдэг их чухал. 

-Өөрийнхөө уран бүтээлд ямар зарчмыг баримталдаг вэ?

-Тооноос илүү үнэ цэн, чанарыг нэгдүгээрт тавьдаг. Амьдралынхаа үнэ цэнийг, сайн сайхныг бас өөрийгөө уран бүтээлдээ шингээхийг хичээдэг юм.  Өөрийнхөө үнэт зүйл болох гэр бүлээ шингээхийг боддог. Хорвоо ертөнцийг хар цагаан гэж харвал миний дуунаас хүмүүс цагааныг мэдэрдэг, түүнээс урам зориг эрч хүч авдаг байгаасай гэж боддог. 

-Гэр бүл гэснээс гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Энгийн л нэг залуу гэр бүл.

-Хөдөө төрж өссөн гэж байна. Таныг хурга, ишиг хариулсан хөдөөгийн бор жаал байсан гэж төсөөлөгдөхгүй юм. Аль нутгийнх вэ. Хүүхэд нас нь хэрхэн  өнгөрсөн бэ?

-Тийм ээ. Би хөдөөний хүүхэд л дээ. Завхан аймагт төрж өссөн. Монголын нүүдэлчин айл ямар амьдардаг тийм л ахуйд өссөн. Цэцэрлэгийн насан дээрээ хувингаар усанд явж, хурга, тугал хариул­даг байлаа. Хөдөөний хүүх­дүүд ажил дунд өсдөг шүү дээ. Тэр жишгээр л малын захад харайлгаж өссөн. Монгол нүүдэлчин ахуйд өссөн учраас хөдөөгийн амьдрал, малчин айлын ахуйд их дуртай. Миний хамгийн нандин дурсамжууд шингэсэн байдаг учраас нүүдэлчин ахуйгаа ялангуяа томоохон уран бүтээлдээ шингээнэ гэж боддог. 

-Ярианыхаа сэдвийг шоунд чиглүүлье. “Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаар явж байна. Энэ хугацаанд дуурайхад хамгийн хэцүү дүр ямар дүр байсан бэ?

-Бүх дүр л надад хэцүү байдаг. Энэ шоу өөрөө маш өндөр хэмнэлтэй, формат нь маш их адармаа, зангилаатай. Үзэгчдэд маш их нөлөөлдөг, найман оролцогчдод хуваагддаг, хэн нэгнийг байнга дэмжих боломжгүй гэх мэт өвөрмөц форматтай шоу. Бид бол сонгосон дүрээ хамгийн сайнаараа хийчих юмсан, аль болох дөрвөн оноо авчихгүй юмсан гэж хичээдэг, хөдөлмөрлөдөг. Энэ бүх зүйл нийлээд энэ шоуг бүрдүүлж байгаа юм. Гэхдээ энэ бол эцсийн дүндээ хүмүүсийг хөгжилдүүлэх, бид өөрс­дөө хөгжилдөх, эерэг сайхан мэдрэмж авах, эрч хүчээр цэнэглэгдэх л асуудал юм. Түүнээс биш хэн нь хэнээсээ илүү сайн бэ гэдэг өрсөлдөөн биш. Үүнийг үзэгчид ч ойлгодог болчихож. Энэ л гол нь.

Хүмүүсийг хөгжилтэй байлгахаас гадна хөгжмийн асар их боловсрол олгож байгаа шоу шүү дээ. Тэр утгаараа асар их ач холбогдолтой нэвтрүүлэг. Миний хувьд дуурайхад хамгийн хэцүү дүр Беонси байсан. Беонсигоос гадна Бруно Марс их хэцүү байсан. Энэ уран бүтээлчид бол дуулахаас гадна маш их бүжиглэдэг. Дуулахдаа хамгийн чанга, хамгийн хэцүү хоолойгоор дуулдаг. Хамгийн хэцүү бүжгийг бүжиглэдэг. Хамгийн олон янзын характер гаргаж дуулдаг уран бүтээлчид юм билээ. Гэхдээ Беонси нэлээд дөхсөн гэж боддог. Харин Бруно Марс бол үнэхээр болоогүй. Хэзээ ч тийм Бруно Марс гэж байхгүй. Миний дуурайсан дүрүүдээс хамгийн алдаатай, муу болсон нь гэж боддог. 

-Өмнөх дугаарт Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр гуайг үнэхээр гайхалтай дуурайсан шүү дээ. Тэр хүний хоолойных нь өнгө дуурайхад их хэцүү баймаар өвөрмөц санагдсан ч яг л дуурайсан. Дуурайхад хэр хэцүү байв?

-Тэр дууг би базер татсан үеэс эхлээд бүтэн долоо хоног сонссон. Яаж дуурайх вэ, яаж адилхан дуулах вэ гэхээс илүү тэр дууны ертөнцөөр аялсан юм. С.Тэнгэр гуайн амьдралаар аялсан гэхэд болно. Монгол тулгатны 100 эрхэмд оролцсон нэвтрүүлгийг нь үзсэн. Миний сонгож дуулсан дууг С.Тэнгэр гуай Хятадын хамгийн том “Singer” гэдэг шоунд оролцохдоо дуулсан байдаг. Энэ дууг дуулахын тулд тэр шоуны бүх дугааруудыг нь үзсэн. С.Тэнгэр ахын мэдрэмжийг, түүний ертөнцийг ойлгох гэж, гадарлах гэж бүх цагаа зарцуулсан. Дуугаа бол нэг хоног л бэлдсэн. Ер нь ямар ч дүрийг дуурайхад дууг нь сайн дуурайхаас илүү тухайн хүнийг ойлгох л хамгийн чухал байдаг. Тийм учраас энэ шоунд би энэ зарчмыг баримталж байгаа. Ядаж байхад Г.Ганхүү ах бидний дуурайж байгаа дүрүүдийг маш сайн мэддэг учраас сонгосон дүрээ судалсан байна уу, үгүй юу гэдгийг амархан мэдчихдэг. Заримдаа огт мэдэхгүй, харж ч байгаагүй дүр ч таарна. Базер татаж гарч ирээд тэр хүнийг ном уншиж байгаа юм шиг эхнээс нь судална. Долоо хоног гэдэг долоон минут шиг л хурдан өнгөрчихдөг. 

-Таны цаашдын зорилго, мөрөөдлийн тухай яриагаар ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна?

-Би Монголын хамгийн том хөгжмийн компанийг байгуулахыг мөрөөддөг. Дэлхийд данстай Монголын хөгжмийн компани. Дуу, бүжиг, жүжиг гээд урлагийн аль ч төрөл байсан монголын уран бүтээлчдийг дэлхийд гаргах том компани байгуулах юмсан гэж мөдөөддөг. Монгол уран бүтээлч дэлхийд гарч, дэлхий даяар Монгол ахуйг андахгүй болох хэмжээнд хүргэхэд зуучлах гүүр болохсон гэж боддог. Улс болгонд хөгжмийн компани байдаг. Манайд бол “Хуур музикл”, “Hi fi music” зэрэг компаниуд байдаг л даа. Гаргасан бүтээлүүд нь дэлхий дахиныг шуугиулдаг, “биллбоард”-д монгол дуу өрсөлддөг хэмжээний хөгжмийн компанийг бий болгох мөрөөдөл өвөртлөн ажиллаж байна. Монгол хүний оюунаар бүтээгдсэн уран бүтээлүүд дэлхийд гарна гэхээр гоё биз дээ.