“The HU” Европыг байлдан дагуулж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-10

Европын орнуудыг байлдан дагуулах зорилго тавьж, энэ сарын 06-наас ирэх долдугаар сарын 06-ны өдрүүдэд 23 орноор тоглолт хийхээр болсон Монголын хүннү рок хамтлаг болох “The HU” өнгөрсөн долоо хоногт Германы хотуудад “бөмбөг” тэсэлсэн. Энэхүү тоглолтыг үзсэн Германы иргэн “Би Монголын тал нутагт очиж амьдармаар байна. Зөвхөн энэ хамтлагийн тоглолтыг үзэхийн тулд би монгол хүн болмоор байна. “Wolf totem” бол гайхамшиг” хэмээн дуу алдсан гэдэг. 

Тэгвэл хамтлагийн залуус өдгөө Английн зургаан хотод тоглолтоо хийхээр очоод байгаа аж. Тоглолтын билет худалдаанд гарсан даруйдаа л маш хурдацтай борлогдож байгаа бөгөөд нэг хотоос нөгөө хотод очих зууртаа тэд тухайн улсын хэвлэл мэдээллийн байгууллагатай уулзалт хийж, хамтлагийнхаа талаар болон Монголын уламжлалт хөгжим, ардын урлагийг суртачилж яваа гэнэ. Өнөөдрөөс Британи дахь аялал тоглолтоо эхлүүлэх гэж буй залуусыг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Улмаар, Британийн хөгжмийн ертөнцийнхөнд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлагыг тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студитэй хамтран ЭСЯ дээр зохион байгуулсан байна. 

Уулзалт ярилцлагад “BBC”, “Daily Telegraph”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг Британийн 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөгчид ирж, хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүлжээ. Мөн тус хамтлаг дөрвөн жилийн хугацаанд дөрвөн цомог гаргах гэрээг дэлхийд томоохонд тооцогдох хөгжмийн продакшнтай байгуулсан аж.