“Дэлхийг эзлэхэд бэлэн”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-18

Ийм гарчиг бүхий нийтлэл “south chine morning post” сонины цахим хуудаст нийтлэгджээ. Түүнд “Үд дундын үед Заяа нийслэл Улаанбаатар хотын нэгэн кофе шопт найзаа хүлээн сууна. Энэ үед Тэмка гэртээ гар утсаараа тоглоом тоглох бол Галаа хуучны кино үзэж, попкорн идэх аж. Энхүүш харин орноосоо ч өндийгөөгүй, сэрүүлэгтэй цаг нь дуугарч, түүнийг унтраах гэж байгаад шал руу унагаж орхино. Энэ бол Монголын хаана ч харж болох залуусын нийтлэг төрх. Удалгүй Галаа идэж байсан попкорноо ширээн дээр тавьж, үүд рүү зүглэн хаалгаа нээх бөгөөд түүний нүдний өмнө уул ус тэгширсэн, үзэсгэлэнт байгаль зурайна. 

Тэрбээр ухаалаг утсаараа тэрхүү дүр зураглалыг найзууд руугаа илгээж, удалгүй Чингисийн Монголын баруун этгээдийн үзэсгэлэнт байгальд дөрвөн найз үзүүлбэр үзүүлнэ. Энэ бол Хү хамтлагийн “Юу вэ юу вэ юу” дууны клипний эхлэл хэсэг. Энэ клип яг одоогийн байдлаар youtube хуудаст аль хэдийнэ 18 сая гаруй хандалт авсан байгаа бол “Чонон сүлд” дуу нь ч мөн адил 11 сая гаруй хандалттай байна. Энэ бол Монголын хүннү рок хөгжим, рокерууд дэлхий нийтийг хэрхэн байлдан дагуулж буйн тод жишээ” хэмээн бичжээ. 

МУГЖ Б.Дашдондогийн долоон жил гаруй хугацаанд хийсэн судалгааны дараа 2016 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хэв маягтай хүннү рок хамтлаг болох “Хү” эдүгээ дэлхий дахинд танигдаж, өөрсдийн гэсэн хүрээлэл шүтэн бишрэгчтэй болсон байна. Тэдний талаар энтертайнмэнт ертөнцийн хэвлэл мэдээлэл шуугиж, томоохон хэвлэлүүдийн хуудаснаа “Хү”-гийн тухай мэдээлэл хөвөрсөөр байна. “south chine morning post” сонинд нийтлэгдсэн дээрх мэдээлэл ердөө эхлэл юм. 

“Хү” хамтлагийн фэйж хуудсыг дагагчдын тоо 100 мянга давж, гадны шүтэн бишрэгчид нь тэдний тоглолтыг үзэхийг тэсэн ядан хүлээж, Европт хийж буй аялан тоглолтынх нь тасалбар худал­даанд гарсан даруйдаа дуусч байна. Үүгээр зогсохгүй  хамтлагийн “Чонон сүлд” дуу нь  Биллбордын “Hot rock songs” жагсаалтад багтаж, 22 дугаарт эрэмбэлэгдэж, хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн нь саяхан. Монголын нэрийг олон улсад цоо шинэ урсгалаар таниулж буй юм.

“Хү” хамтлаг гадны нэг ч хөгжим оруулалгүй тоглодгоороо онцлогтой. Одоогоор тэд есөн дуу гаргасан бөгөөд ирэх есдүгээр сард анхны “Гэрэг” цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Хамтлаг дөрвөн гишүүнтэй. “Хү” гэдэг нь хүн төрөлхтөн гэсэн утгатай эртний Хүннүгийн үеэс улбаатай монгол үг аж. 

Хамтлагийн Европын орнуудад хийж буй аялан тоглолт ирэх сарын 6-нд дуусах бөгөөд тэд 13 улсад 23 удаагийн тоглолт хийхээр маш шахуу хөтөлбөрийн дагуу ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт “Хү” Германд тоглосон бөгөөд тэднийг онгоцны буудалд буухад нь шүтэн бишрэгчид нь цугларч, “Хү Хү Хү” хэмээн хашгирч байсан нь соошл сүлжээнд нийтлэгджээ. 13 дугаар зууны үед дэлхийн талыг эзэлж явсан монголчуудын үр сад “Хү” хамтлаг “SCMP” сонинд мэдээлсэн шиг эдүгээ үндэсний хэв маягийг хадгалсан рок хөгжим, морин хууртайгаа дэлхийг байл­дан дагуулж явна.