“The Wasabies”: Азид гарах зорилгодоо хүрэхийн тулд илүү их хичээнэ

O.Admin
2019-06-28

“Боловсрол суваг” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasabies” хамтлагийнхантай ярилцлаа. 

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? 

-Д.Буяндулам: Манай хамтлаг тавдугаар сарын 4-нд анхны “Girls Generation” цомгийн нээлтээ хийсэн. Цомгийн нээлт “White rock center”-д болсон. Бид энгийн нэг цомог гаргаад,  борлуулах биш, цогц зүйл хийхийг хичээсэн. Нээлтийнхээ үеэр цомогт орсон бүх уран бүтээлээ сонсогчиддоо дуулж өгсөн.  Ерөнхийдөө жижиг хэмжээний тоглолт хийсэн гэсэн үг.  Тоглолтыг “Боловсрол суваг” телевизийн найруулагч найруулсан.  Цомогт багтсан зургаа дахь уран бүтээл болох “Run away” дуундаа  клип хийж амжаагүй байгаа.  Удахгүй энэ дуугаа клипжүүлэх гээд ажиллаж байна. Түүнээс гадна шинэ цомгын ажлаа эхлүүлсэн. 

-Уран бүтээлээ Generation Z буюу 1995 оноос хойшхи үеийнхэнд зориулж хийдэг гэсэн. Тэдний сонирхлыг судалж үзэж байж уран бүтээлээ хийдэг үү?

-Д.Буяндулам: Уран бүтээлийг бид гаргаж байгаа юм биш. Продюсер маань бидэнд дуу хийж өгдөг.  Тэр уран бүтээлийг бид  сонсогчдод хүргэдэг.  Хоорондоо ярилцаж байгаад сэдвээ сонгодог гэсэн үг.

-“Шарк танк” нэвтрүүлэгт оролцоод,  Д.Энхтүвшин, Ж.Оюунгэрэл шаркуудаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон. Саяхан гэрээгээ хийх дутуу байгаа гэж байсан. Гэрээгээ хийсэн үү? 

-Д.Буяндулам: Одоогоор гэрээгээ хийгээгүй.  Гэрээ хийгээд, хөрөнгө оруулалт ороод ирвэл  100 хувь уран бүтээлдээ зарцуулна.  Хэдийгээр хөрөнгө оруулалт орж ирээгүй байгаа ч  бид цаашид хийх ажлаа  эхлүүлээд явж байна.   Бид  бэлтгэлийн байргүй байсан. Д.Энхтүвшин шарк бидэнд бэлтгэлийн байр гаргаж өгсөн. Одоо хүссэн үедээ бэлтгэлээ хийх боломжтой болсон.  Мөн загварын салбарын менторуудтай уулзаад,  зөвлөгөө авч байгаа.  

-Анх урлагийн салбарт орж ирсэн үеийг өнөөдрийнхтэй харьцуулахад,  хүмүүсийн хүлээж авах хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Э.Аминхүслэн:  Манай хамтлагын анхны уран бүтээл болох “Girls Generation” их өнгөлөг дүр төрхтэй байсан. Түүнээс болоод хүмүүс Кпоп хамтлагыг дуурайлаа, өөрийнхөөрөө байсангүй гэж шүүмжилж байсан. Яваандаа энэ хандлага өөрчлөгдсөн. Мөн “Шарк танк” нэвтрүүлэгт орсноос хойш хүмүүсийн хүлээж авах хандлага эерэг болсон. Анх уран бүтээлээ гаргаж байхад 10-15 насны хүүхдүүд их сонирхож байсан. Дараа дараагийн уран бүтээл гарч эхлэхэд сонсох хүмүүсийн насны ангилал нь нэмэгдсэн.  

-Долоо хоногт хэр хугацааг бэлтгэлдээ зориулдаг вэ? 

-Э.Анужин: Өглөө нь хэлнийхээ сургалтад яваад,  дараа нь ямар нэгэн ярилцлага, уулзалт байвал очно. Бусад цагт нь бэлтгэлээ хийдэг. Ер нь ихэнх цагийг бэлтгэлдээ зарцуулдаг.  Яагаад гэвэл бид хоёр л сар хамт амьдраад хамтлаг болсон болохоор туршлагагүй байгаа. Илүү сайн уран бүтээл, контентуудыг үзүүлэхийн тулд зайлшгүй дуулалт, бүжиглэлтдээ  анхаарах хэрэгтэй  

-Клипны зураг авалтын үеэр хүндрэл,  бэрхшээл гардаг байх?

-Э.Аминхүслэн: Хөдөө гарч, байгальд зураг  авалт хийх илүү хэцүү байдаг. Халуун өдөр будаг урсаад арилах, салхитай үед будганд шороо наалдах,  наранд арьс түлэгдэх гэх зэрэг бэрхшээлүүд гардаг.  Дээрээс нь бие өвдөх тохиолдол ч гарна. Тэр үед аргалаад л зураг авалтаа үргэлжлүүлдэг.  Урлагийн биш хүмүүст өвлийн хүйтэнд нимгэн хувцастай зураг авалтад орох хүндрэлтэй санагдах байх. Урлагийн хүмүүс тэсвэр, тэвчээртэй байх хэрэгтэй. Тийм учраас аливаа хүндрэл,  бэрхшээл гарахад тэсээд л давж гардаг даа.  

-Үлгэр дуурайлал авдаг хамтлаг, уран бүтээлч бий юу?

-Э.Анужин:  “Little mix” хамтлагаас үлгэр дуурайлал авдаг. Бүх дуу нь шинэлэг, цоглог, эрч хүчтэй байдаг болохоор манай хамтлагийнхан бүгд дуртай. Ер нь хаана шинэ уран бүтээл гарч байна тэрийг үзээд,  авахыг нь аваад, хаяхыг нь хаяад явдаг.

-Гадаадын дуу хөгжмийн болон продюсерын компанитай хамтарч ажилладаг уу? 

-Д.Буяндулам: Одоогоор хамтарч ажилласан байгууллага байхгүй. Гэхдээ өнгөрсөн өвөл Хятад, Тайваны хамтлаг дуучдыг гаргадаг продюсерын компани бидэнд “Танай уран бүтээлийг гаргая” гэсэн санал тавьсан. Цаашид хамтарч ажиллах бодол байгаа. Продюсертайгаа ярилцаж үзээд шийднэ.

-100 хувь гадаад хэлээр дуу хийх үү? 

-Д.Буяндулам: Хамтлагаараа англи, хятад хэлийг сурах гэж хамтдаа сургалтын төвд явж байгаа. Манай хамтлагийн ихэнх уран бүтээлийн тал нь англи хэлээр байдаг. Удахгүй хятад, англи хэлээр дуу гаргах байх.   

-Хамтлагийн ойрын зорилго юу  вэ? 

-Д.Буяндулам: Нэгдүгээрт, “Run away” дуугаа дүрсжүүлнэ. Шинэ цомогт орох ая нь бэлэн болчихсон дууныхаа чиглэлийг продюсертайгаа ярилцаад,  гаргана. Азид гарна гэсэн зорилготой учраас хэлээ сайжруулах гэж зорьж байна. Азид гарна гэсэн зорилгынхоо төлөө бүх зүйлээ цогц болгох гэж давтсаар л байгаа.   

А.Баяржаргал