Сагсчин О.Дөлгөөн амьсгалын аппаратаа салгуулж, нүдээ нээжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-02

Монголын сагсан бөмбөгийн лигийн тамирчдын нэг Очбадрахын Дөлгөөн АНУ-ыг NBA-гийн тоглолт үзэхээр зориод байхдаа салхин цэцэг өвчнөө хүндрүүлж, үүний улмаас элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниа мужийн Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд залуу тамирчны хувьд үхэлтэй өдөр өдрөөр тэмцэж, харин элэг нэгт монголчууд нь түүний төлөө залбирч, хандивын аян зохион байгуулж, нийгмээрээ түүнд зориулан хандив өргөж, мөн олон улсын спортын холбооны анхаарлыг татахын тулд #Pray4Dulguun хэмээн хаштагтай жиргэцгээж байлаа. Сайхан сэтгэлт монголчуудын залбирал, сэтгэлийн өглөг хандивын хүчээр хүү эмчилгээний төлбөртэй санаа зовох зүйлгүй болсон.

Гэсэн ч элэг шилжүүлэн суулгах төлбөр нь монгол мөнгөөр тэрбум орчим төгрөг болох учраас урлаг, спортын хандивын тоглолт ч өнөөдрийг хүртэл 21 аймаг, нийслэл хотод үргэлжилсээр байгаа юм. Хүүгийн тухайд эхэндээ унтуулгын байдалтай, салхин цэцэг нь даамжирсаар байсан учраас дархлааг сулруулж, салхин цэцгийг эмчлэх эмчилгээнд хамрагдаж байсан.

Харин аав, ээжийгээ очсоны дараагаас бие нь сайжирч, өнөөдрийн байдлаар нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулжээ. Гэсэн ч энэ нь бие нь сайжирсан гэсэн үг биш. Бөөр нь ажиллагаагүй болсон учраас диализын аппаратаар орлуулж, элэг нь бүрэн ажиллагаагүй болжээ. Тиймээс дахин амьсгалын аппарат залгуулж ч магадгүй байгаа юм. АНУ-ын тухайд Монгол Улсын иргэн учраас тухайн улсын хуулиар асуудлыг шийдэж, амьд донороос элэг шилжүүлэн суулгах боломжтой гэсэн хариу өгсөн гэх мэдээлэл ч байгаа юм.