"Ливерпүүл", "Арсенал" хожиж, "Сити" талбайдаа "Тоттенхэм"-тэй тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-18

Английн премьер лигийн 2 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойргийн нээж "Арсенал" талбайдаа "Барнли"-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр шинэ улирлын эхний хоёр тоглолтдоо дараалж хожиж, 6 оноотойгоор одоогоор хоёрдугаар байрт бичигдэж байна. 

Тоглолтын 13 дахь минутад Ляказетт гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 43 дахь минутад Эшли Барнс 3 дахь гоолоо оруулж, тэнцүүлсэн юм. Гэвч 64 дэх минутад Обамеянг гоолдож, багтаа хожил авчирлаа. Габон довтлогч хоёр тоглолт дараалан гоолдож байна. 

Тэгвэл эхний тойрогт "Норвич"-ыг хөнгөхөн хожсон "Ливерпүүл" клуб энэ удаад "Саутгэмптон"-ы талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын 45 дахь минутад Мане гоолдож, шинэ улирлын эхний гоолоо оруулсан. Араас нь 71 дэх минутад Фирмино мөн л улирлын эхний гоолоо орууллаа. Тэгвэл 83 дахь минутад Адрианы алдааг Ингс ашиглаж, тооны харьцааг ойртуулсан юм. 

Энэ тойргийн хамгийн сонирхол татсан тоглолт "Манчестер Сити" болон "Тоттенхэм"-ийн хооронд болов. Аваргуудын чансааг тоглосон энэхүү тоглолтод "Тоттенхэм" тийм ч муугүй байж, хамгийн хүчтэй өрсөлдөгчийнхөө талбайгаас нэг оноо салгасан юм. Тодруулбал, хоёр баг 2:2-оор тэнцсэн. 

Стерлинг 20 дахь минутад гоолдож, 4 дэх гоолоо оруулсан юм. Ингэснээр мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Түүний гоолоос ердөө 3 минутын дараа Ламела тэнцүүлсэн. Тэгвэл 35 дахь минутад Агуэро хоёр дахь гоолоо оруулсан ч 56 дахь минутад Лукас тэнцүүлсэн юм. Тоглолтын төгсгөлд Жесүс гоолдсон ч "Сити"-гийнхэн гар хүрсэн учраас VAR үзэж, гоолыг тооцоогүй. Ийнхүү "Сити" хоёрдугаар тойрогт оноо алдлаа. 

Бусад тоглолтын үр дүн

Астон Вилла 1-2 Борнмут 

Норвич 3-1 Ньюкасл 

Эвертон 1-0 Уотфорд 

Брайтон 1-1 Вест Хэм