АНУ-ын ДАШТ-д шилдэг 4 үлдэж чадсангүй

Б.ГАНЗОРИГ
2019-09-12

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн Сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 8-ын үлдсэн хоёр тоглолт өчигдөр боллоо. Эхний тоглолт АНУ болон Францын багуудын хооронд болж Францын шигшээ 89-79 харьцаагаар хожиж шилдэг 4-т шалгарлаа. Улмаар хожигдсон АНУ шигшээ Сербийн багтай 5 байрын төлөөх тоглохоор болсон бол Францын баг Аргентин багтай медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Тус тоглолтод Рүди Гобэр 21 оноо, 16 удаа самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн бол эсрэг багаас Донован Метчил 21 оноог мөн авчээ.

Харин дараагийн тоглолт Австрали болон Чехийн багуудын хооронд болж Австралийн шигшээ 82-70 харьцаагаар хожиж шилдэг 4-т шалгарлаа. Хожигдсон Чехийн шигшээ Польшийн багтай 5 байрын төлөөх тоглохоор боллоо. Харин Австралийн баг Испаний багтай медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Тус тоглолтод Патти Миллс 24 оноо, 4 удаа самбараас бөмбөг авч, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол эсрэг багаас Томас Саторански 13 оноо, 9 самбараа бөмбөг авч, 13 дамууулалтыг гүйцэтгэжээ.