Б.Болортуяа дагаж, С.Цэрэнчимэд Рисако Кавайтай тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-18

Казахстаны нийслэл Нур-Султан хотноо чөлөөт бөхийн ДАШТ болж байгаа билээ. Өчигдөр чөлөөтийн тамирчид барилдаанаа эхэлж, манай дөрвөн бах барилдсанаас Б.Болортуяа л ганцаараа дагах барилдаан хийх эрхтэй үлдсэн. Манай бөх  дагах барилдаанаа Кыргызстаны Мадина Надироватай хийх бөгөөд ялбал хүрэл медалийн төлөө Туркийн бөхтэй хүч үзнэ. 

Тэгвэл өнөөдөр мөн эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн хэсгийн шатны барилдаан болно.  57-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 59-д Б.Шоовдор, 65-д Х.Болортуяа, 76-д О.Бурмаа нар барилдах юм. Манай гол найдваруудын нэг С.Цэрэнчимэд эхний тойрогтоо Олимп, дэлхийн аварга Рисако Кавайтай барилдахаар сугалаа таарлаа.  Манай бөх энэ жингийн хамгийн шилдэг тамирчныг ялж чадвал медаль хүртэх, цаашлаад аварга болох ч боломж бий. 

Тэгвэл Б.Шоовдор эхний тойрогтоо Румыний Катерина Жидачевскатай оноолт таарав. Түүнийг ялбал шөвгийн наймд Германы Сандра Парусжевски, Туркийн Элиф Яник нарын ялсантай хүч үзэх юм.  ОУХМ Х.Болортуяа эхний тойрогтоо Украины Ирина Кольяденкотой  сугалаа таарлаа. Өмнө нь манай бөх түүнийг Польшийн нээлттэй тэмцээний финалд таарч, ялж байсан юм. 

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд зодоглож байгаа О.Бурмаа  ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Киантай хүч үзэхээр оноолт таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт энэ жингийн тэргүүлэгч Туркийн Ясемин Адар хүлээж байна.