С.Батцэцэг шөвгийн наймд шалгарч, Э.Гантуяа эхний ялалтаа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-19

Чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэл Нур-Султан хотноо үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр дэвжээнд гарч буй манай бөхчүүд урамтай сайхан барилдаж байна. 

Эхний даваанд Узбекистаны бөхийг цэвэр ялсан С.Батцэцэг 1/8 шигшээ барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр ялснаар шөвгийн наймд шалгарлаа.  Тэрбээр 1/4 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой хүч үзнэ. 

Мөн  Олимпийн жин болох эмэгтэйчүүдийн 62 кг-ын зодоглож байгаа  “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа эхний барилдаанаа хийлээ. Тэрбээр Европын наадам болон ЕАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга ОХУ-ын Мария Кузнецоваг 6:3-аар ялав. Манай бөх 1/8 шигшээд  Канадын Ана Паула Годинезтай барилдана.