Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожийн багтай тоглож тэнцлээ

Б.ГАНЗОРИГ
2019-11-15

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ баг "F" хэсгийн тоглолтоо хуваарийн дагуу өнжихдөө Камбожийн талбайд албан ёсны нөхөрсөг тоглолт хийж 1:1-ээр тэнцэв.

Тоглолтын эхний гоолыг манай шигшээ багаас А.Нармандах оруулж, шигшээ багийн төлөөх гурав дахь гоолоо өөрийн нэр дээр бичүүллээ. Уг довтолгооны эхлэлийг Х.Цэнд-Аюуш эсрэг багийн тоглогчоос бөмбөг салгаснаар эхлүүлсэн юм. Улмаар утга төгөлдөр сөрөг довтолгоон өрнүүлж А.Нармандахад дамжлуулалт өгснөөр энэ гоол бүтсэн.

Эсрэг багийн гоол 11 метрийн торгуулийн цохилтоос орсон. Тоглолтын эхний хагас 1:1-ээр өндөрлөсөн нь эцсийн үр дүн байлаа.

Эсрэг багийн талбайд, 23,000 мянган үзэгчийнх нь өмнө тун сайн тоглолт үзүүлж, хожил авахад ойрхон байсан шигшээ багийн залуусыг 19-ний өдөр том сорилт хүлээж буй.

Тэр бол ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд талбайдаа Тажикстаныг 4:3-аар буулган аваад байгаа Мьянмарын шигшээ баг юм.

Мьянмарын баг талбайдаа ямар хүчтэй гэдгээ харуулсны зэрэгцээ манай шигшээтэй адил гурван оноотой болоод байна. Хоорондын тоглолт хийгээд бөмбөгний зөрүүгээр илүү байгаа "Талын хөх чононууд" 11-р сарын 19-нд Мьянмарын талбайгаас эерэг үр авч чадвал 2019 оны даалгавар биеллээ олно гэхэд буруудахгүй биз ээ.