“Токио-2020”-ыг хойшлуулсан шийдвэрийг Монголын үндэсний олимпын хороо дэмжлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-25

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй шинэ короновирус буюу “Covid 19”ийн халдварын тархалт болон дэлхий дахинд үүсээд буй аюултай нөхцөл байдлыг харгалзан үзэж Олимпын хөдөлгөөнд оролцож буй бүх талууд тэр дундаа шилдэг тамирчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлагын хүрээнд Олон улсын олимпын хороо болон “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны 7 дугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпын наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.

Энэхүү хамтарсан шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан бөгөөд Үндэсний олимпын хороодын холбоо /ANOC/, Азийн олимпын зөвлөл /OCA/ , Олон улсын спорт холбоод, улс орнуудын Үндэсний олимпийн хороодын хамтаар Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

МҮОХ нь цаг үеийн асуудлаар ОУОХ, “Токио 2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдон гарах асуудлууд болох олимпын эрх олгох журмын өөрчлөлт, тэмцээнүүдийн хуваарь зэрэг мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно.

Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, ард иргэд та бүхэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг биелүүлж, өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан спортоор хичээллэхийг уриалж байна гэж МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООноос мэдэгдлээ.