Шүүхийн шийдвэр хэвээр үлдвэл Н.Батсуурь Даян аварга болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-17

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан 16 бөхийн допингийн шинжилгээний хариу гарч, хоёр бөхөөс допинг илэрсний нэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, түрүү бөх Э.Оюунболд байсан билээ. Тэгвэл хоёр ч удаа хойшилж, өнөөдөр хуралдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын аварга цолыг хураах, хоёр жилийн хугацаанд барилдах эрхийг нь хойшлуулах шийдвэр гаргалаа.  Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж. Хэрвээ шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн гэж үзвэл Э.Оюунболд 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм. Харин шүүхийн шийдвэр хэвээр үлдвэл  түүнтэй есийн даваанд барилдаж унасан Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож Даян аварга цол хүртэх боломжтой.

Тэгвэл  өнгөрсөн оны наймдугаар сард буюу бөхчүүдээс допинг илэрсэн нь тогтоогдсон даруйд Монголын Үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболд аваргад хандан дараах шаардлага хүргүүлж байжээ. Тус шаардлагад,

"Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас хоёр бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн  допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна. Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.

  1. Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах
  2. Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
  3. Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
  4. Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
  5. Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
  6. Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
  7. Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох
  8. Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
  9. Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах”  гэжээ.

Түүний хувьд өнөөдрийн шүүх хуралд өөрийн  биеэр ирээгүй, “АТГ-т хэрэгт шалгагдаж байгаа тул  энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү” хэмээхнхүсэлт гаргасан ч шүүх хүлээж авалгүй хуралдаанаа үргэлжлүүлэн,  дээрх шийдвэрийг гаргасан аж.