ТОКИО-2020: С.БАТЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР БОЛОВ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-02

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Нигерийн Блессинг Оборудудуд 7:2-оор ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Риогийн олимпын эхний даваанд энэ хоёр бөх таарахад манай бөх С.Батцэцэг 1:1-ээр ялж (сүүлийн оноог авсан тул) байв. Харин энэ удаа нигери бөх Батцэцэгийн барилдааныг маш сайн судалсан нь илт байлаа. Барилдаан дөнгөж эхлээд байхад тэрбээр манай бөхийг суйлж унаган хоёр оноо, залгуулан ард нь гараад дахин хоёр оноо авлаа. Онооны харьцаа 4:0 болсны дараа нь хонгодож хоёр оноо, дэвжээнээс түрж гарган нэг оноо авснаар онооны зөрүү 7:0 болон холдсон юм.

С.Батцэцэгийн хувьд барьцандаа хүрч чадвал том мэхээр бүхэл оноо авдаг онцлогтой бөх билээ. Гэвч бяртай нигери бөх маш сайн хамгаалж, хүссэн барьцыг нь өгүүлсэнгүй. С.Батцэцэг сүүлд ард нь гарч хоёр оноо авсан ч цаг дууссан юм.

Оборудуду финалд шалгарснаар олимпоос медаль хүртсэн Нигерийн анхны чөлөөт бөхийн тамирчин болжээ. Нигерүүд өмнө нь хөнгөн атлетик, хөлбөмбөг, бокс, хүндийг өргөлт, таеквондо гэсэн таван төрлөөр олимпоос медаль аваад байсан бол энэ удаа чөлөөт бөх гэсэн төрөл нэмэгдэж байна.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн хувьд маргааш хүрэл медалийн төлөө Азербайжаны Э.Манолова (ДАШТ-ий хүрэл медальт), Кыргызстаны М.Жуманазарова (Азийн наадмын мөнгөн медальт) нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдах болно. Медалийн төлөөх барилдаанууд маргааш 17.15 цагаас эхлэх бөгөөд манай бөх13 дахь барилдаанд дэвжээнд гарах юм байна.

Эх сурвалж: МҮОХ