ТОКИО-2020: Өнөөдөр С.Батцэцэг медалийн төлөө барилдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-03

Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин улсаа төлөөлөн Олимпийн дэвжээнд зодоглоно.

Х.БОЛОРТУЯА

Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд буй Тайбе Юсеин нарын ялсантай халз тулах юм.

Манай хүний хувьд өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Олимпод зодоглох гэж байна. Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагт эхлэх бөгөөд манай бөх долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.

С.БАТЦЭЦЭГ

Өнөөдөр мөн Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Азербайжаны Э.Манолова /ДАШТ-ий хүрэл медальт/, Кыргызстаны М.Жуманазарова /Азийн наадмын мөнгөн медальт/ нарын ялсан нь манай Батцэцэгтэй медаль булаалдах юм.

Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд манай бөх 13 дахь барилдаанд дэвжээнд гарах болно.