Э.Цэндбаатар Парисын олимпод тулалдахгүй гэдгээ мэдэгдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-05

“Токио-2020” олимпын наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-д шөвгийн наймд үлдсэн Э.Цэндбаатар ОХУ-ын тамирчин Алберт Батыргазиевийг ялсан ч шүүгчид ялалтыг эсрэг талд өгчихсөн билээ.

Монголын Олимпын хорооны удирдлагууд эсэргүүцэл бичсэнээр шүүгчид нь сахилгын хариуцлага тооцсон ч, ялалтыг Оросын талд үлдээсэн гэсэн шийдвэр гарсан юм. Тэгвэл манай тамирчин ирэх 2024 оны Парисын олимпт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, энэ оны аравдугаар сард болох ДАШТ-д оролцоод сонирхогчийн боксыг орхиж, мэргэжлийн бокс руу очно гэв. Э.Цэндбаатар ярихдаа “Ер нь бол шүүгчид тамирчдын хувь заяаг ингэж шийддэг нь маш буруу. Шударгаар шүүсэн бол Олимпын медаль авах байлаа. Үнэхээр харамсалтай байлаа. Одоо би шууд мэргэжил рүү гарна.

Шударга шүүдэг спортод ормоор байна. Аравдугаар сард болох ДАШТ миний сонирхогчийн боксын сүүлийн тэмцээн байх болно. Тэгээд мэргэжлийн бокс руу гарна гэж бодож байна. Дараачийн олимпод оролцож дахин шүүгчээс болж ялагдахыг хүсэхгүй байна” гэв.