Ц.Содномдорж: Ц.Магалжав заан хоёулангаас чинь шинжилгээ авна гэсэн учраас зөвшөөрч барилдсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-17

Хүй долоон худагт үзэгчгүй болж буй 512 бөхийн барилдаанд Улсын аварга Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдоржийг амлан авч барилдсан билээ. Тэгвэл энэхүү барилдаанд оролцож буй бөхчүүд Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь нотлогдсон учраас аварга цолоороо барилдах ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Улсын арслан Ц.Содномдорж барилдахгүй гэдгээ илэрхийлсэн ч МҮБХ-ны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав “Наадамчин олноо хүндлээд гарч барилд. Харин барилдаан дууссаны дараа хоёулангаас чинь допингийн шинжилгээ авна” гэсэн учраас Ц.Содномдорж барилджээ. Гэвч барилдаан дууссаны дараа Э.Оюунболд хамт шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Энэ талаар Ц.Содномдорж арслан ярихдаа “Ц.Магалжав заан гарч барилд, дараа нь шинжилгээ авна гэж хэлсэн. Би зөвшөөрөөд барилдсан. Энэ хүн дахиад допинг хэрэглэсэн ч юм билүү хэн мэдлээ. Хамт шинжилгээ өгчихмөөр байна” гэв.

Харин Улсын аварга цолтой Э.Оюунболд “Би тав даваад 16 бөхийн тоонд орвол би шинжилгээ өгнө. Допингийн холбоо нэр цохоод надаас авна гэвэл өгөхөд бэлэн байна. Нэг хүний хатгалтад орж би шинжилгээ өгнө. Цаасаа гаргаад ирэх биз арслан. Ерөнхийлөгч зарлигаа буцаасан тохиолдолд аварга цолоо дагахгүй байж болно. Гэхдээ гараагүй учраас би цолтойгоо барилдана. МҮБХ намайг аварга цолоор бүртгэсэн учраас аварга цолтой барилдах эрхтэй гэж бодож байна. Эсэргүүцээд байх юм алга” гэв.