Э.Содномпилжээ: Талийгаач багшийнхаа захиасыг биелүүлсэндээ баярлаж байна

Т.САНДАГ-ОЧИР
2021-09-07

“Токио-2020” паралимпын наадамд оролцож улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өчигдөр шигшээ багийн тамирчдынхаа хамт эх орондоо ирлээ.

Тэрбээр, Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон бөгөөд хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлсэн юм. Э.Содномпилжээ сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголын ард түмэнд баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдаагүйдээ баяртай байна. Талийгаач багшийнхаа захиасыг биелүүлсэндээ баярлаж байна.

Миний ар гэрийн амьдрал бүхий л асуудлыг миний ээж хариуцаж дааж явдаг. Тамирчин хүний хувьд ар гэрийн асуудал маш чухал. Бүхий л амжилтын минь ард ээж минь байгаа. Ээждээ маш их хайртай. Ээжийгээ бага ч гэсэн баярлуулсандаа баяртай байна. Бэлтгэл хийж байхдаа 260 өргөж байсан. Гэвч ковидоор өвдөөд маш их ядарсан. Өөрийн эрхгүй ядраад байдаг юм билээ. Хүч унадаг юм байна. 250 өргөнө гэсэн сэтгэхүйтэй бэлтгэлээ хийсэн. Дээшээ ерөөсөө ороогүй. Тайван байж энийгээ өргөсөн. Миний хувьд 100 хувийн боломж байлаа. Одоо шууд бэлтгэлдээ орно. Парисын олимп гуравхан жилийн дараа шүү дээ. 10, 11 сард томоохон тэмцээнүүд зохион байгуулагдана. Тэнд орох бэлтгэлээ ч хангаж эхэлнэ” гэсэн юм.

Манай тамирчны хувьд түрүүлэх эсэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-тай байв. Улмаар Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болсон билээ. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга болсон юм.