Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-17

Улсын аварга Э.Оюунболд нь 2019 оны улсын наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж, түүний аварга цолыг хураахаар болсон гэх мэдээлэл цацагдлаа. 

Уг шийдвэр биелсэнээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, "Химон Констракшн" ХХК, Увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цол хүртэх учиртай билээ. 

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарчид “Улсын гарьд”, Ц.Одбаярт “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртээх аж. 

Тэгвэл өнгөрөгч наймдугаар сард Хүй долоон худагт үзэгчгүй болсон 512 бөхийн барилдаанд Э.Оюунболд Улсын аварга цолтой барилдсан. Түүнийг Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд допингийн шинжилгээ хийлгэхийг шаардахад Э.Оюунболд аварга “Би тав даваад 16 бөхийн тоонд орвол би шинжилгээ өгнө. Допингийн холбоо нэр цохоод надаас авна гэвэл өгөхөд бэлэн байна. Нэг хүний хатгалтад орж би шинжилгээ өгөхгүй. Цаасаа гаргаад ирэх биз, арслан. Ерөнхийлөгч зарлигаа буцаасан тохиолдолд аварга цолоо дагахгүй байж болно. Гэхдээ гараагүй учраас би цолтойгоо барилдана. МҮБХ намайг аварга цолоор бүртгэсэн учраас аварга цолтой барилдах эрхтэй гэж бодож байна. Эсэргүүцээд байх юм алга” хэмээж байсан билээ.