Э.Цэндбаатар бэлтгэл базааж байхдаа ухаан алдсан уу

Т.САНДАГ-ОЧИР
2021-10-03

МУГТ Э.Цэндбаатар болон залуу тамирчин О.Тулга нарыг халз тулаанд оруулж, ялсныг нь 60 кг-ын жинд ДАШТ-д явуулна гэдгээ Монголын боксын холбоо мэдэгдээд байсан билээ. Гэвч өнөөдөр 10.00 цагаас болох ёстой байсан сорилго тулаанд Э.Цэндбаатар ирсэнгүй.

Тэрбээр өнөөдөр өглөө 07-08 цагийн хооронд жиндээ орох байсан ч ирээгүй бөгөөд дасгалжуулагч болон тамирчин нь хоёулаа утсаа салгажээ. Ийнхүү Эрдэнэт хотод болох байсан тэмцээн цуцлагдаж, Э.Цэндбаатар юуны учир тэмцээндээ оролцоогүй тухай сошиал орчинд янз бүрийн таамаг мэдээлэл хөвөрч байна.

Э.Цэндбаатарын багш Б.Энхтайван өчигдөр орой Монголын боксын холбоо руу утасдаж “Бид хоёр тэмцээндээ оролцож чадахгүй боллоо” гэсэн утгатай мессеж явуулаад утсаа салгасан гэх. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Э.Цэндбаатар бэлтгэлээ хийж байх явцдаа ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх асуудал ч яригджээ. Гэвч энэ тухай бид албан ёсны мэдээллийг уншигч танд эргэн хүргэх болно.

МУГТ Э.Цэндбаатарыг хоёр хоногийн өмнө Боксын холбооны Ерөнхийлөгч болсон Х.Нямбаатар “Ам нээвэл” ярилцлагад орох үедээ "Тэр зодооныг эхлүүлсэн" хэмээн мэдэгдэж, улмаар өөрийнхөө яриаг батлахын тулд Э.Цэндбаатарын зодоон эхлүүлж буй гэх 1 минутын бичлэгийг өчигдөрхөн цацсан. Тиймээс Холбооны зүгээс дарамт ирсэн үү гэх таамаг ч яригдаж байгаа юм. Ердөө гуравхан өдрийн өмнө Ерөнхий сайдаас шагналаа аваад явж байсан тамирчин яагаад хадаг барин гуйсан тэмцээнээсээ татгалзсан нь олон хүний анхаарлыг татаж байна.