Э.Цэндбаатар жиндээ орсон ч жийгдэх шалтгаан юу байв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-03

МУГТ Э.Цэндбаатар ДАШТ-ий 60 кг-ын жинд тулалдах байсан ч Монголын боксын холбоо түүнийг удаа дараа ёсзүйн алдаа гаргасан гэж үзэж, шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан билээ. Гэсэн ч тэмцээний өмнө ийнхүү шийдвэр гаргасан үйлдэлд монголчууд бухимдаж, нэг удаагийн алдааны төлөө 100 хувийн саналаар хөөх шалтгаан байхгүй хэмээн эсэргүүцсэний үр дүнд түүнийг О.Тулга гэх тамирчинтай халз тулаанд оруулж, ялсныг нь явуулахаар болсон юм.

Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд Э.Цэндбаатар руу дайралт ар араасаа ирж, өөрөө зодоон эхлүүлсэн хэмээн Боксын холбооны Ерөнхийлөгч нь ярилцлага өгч, араас нь бичлэг хүртэл задалж байв. Тэгвэл өнөөдөр өглөө Эрдэнэт хотод болох байсан тэмцээний жинд Э.Цэндбаатар очоогүйгээс ялалтыг О.Тулгад өгч, тэрбээр эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцохоор болоод байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар яагаад жиндээ ороогүй, үнэхээр ухаан алдаж унасан уу, өнгөрсөн шөнө яагаад Монголын боксын холбоо тэмцээн болохгүй учраас ирээд хэрэггүй хэмээн хэвлэл мэдээлэл рүү ярьсан гээд олон асуудал байсан. Гэсэн ч энэ бүхэн өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байна.

Юутай ч хадаг барин сөгдөж байсан атлаа хариуцлагатай тэмцээний өмнөх тулаандаа очоогүй шалтгаанаа Э.Цэндбаатар тайлбарлахдаа “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа” гэсэн учиг битүүлэг бичлэг оруулаад сураг алдрав.

Мөн өнгөрсөн шөнө түүний багш Н.Энхтайван “Бид хоёр тулаанд орж чадахгүй боллоо” хэмээн Боксын холбоо руу мессеж бичсэн, сошиал орчинд гарсан бичлэгээс болж миний дүүгийн бие муудаж эмнэлэгт очлоо гэсэн ахынх нь тайлбар гээд маш олон асуудал учир битүүлэг үлдэв. Гэлээ ч энэ тулаанд оролцох О.Тулга тамирчинд хэн нэгэн бурууг өгөх шаардлагагүй бөгөөд гагцхүү нэр хүндээ хамгаалж үлдэхийн тулд Монголын боксын холбоо тамирчныг дарамталж, тулааныг цуцлах нөхцөл байдлыг бий болголоо гэх хардлага л үндэслэлтэй болж үлдэв.

Учир нь Монголын боксын холбооны дарга гэх УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Х.Нямбаатар тэмцээний өмнөхөн "Ам нээвэл" ярилцлагад "Бааранд болсон зодооныг Э.Цэндбаатар эхлүүлсэн" хэмээн ярьж, удалгүй Э.Цэндбаатарын зодож буй бичлэгийг тараасан. Энэ бүхнээс харвал анхнаасаа энэ тэмцээнийг зохион байгуулах хүсэлгүй байсан гэж хардах үндэслэл болж буй юм.