Ц.Магалжав: Нийт дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрлээ

Т.САНДАГ-ОЧИР
2021-10-28

Залуучуудын байгууллага, Ардын хувьсгалын 100 жилд зориулан наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээ аваад байсан билээ. Тэгвэл эдгээр бөхчүүдийн шинжилгээний хариуг БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад ирүүлсэн аж.

Улмаар, энэхүү шинжилгээний хариу энэ сарын 28-ны 17.00 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирсэн бөгөөд нийтдээ дөрвөн бөхөөс допинг илэрсэн гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдлээ.

Тэрбээр, “Өнөөдрийн 18 шинжилгээнээс харамсалтай нь дөрвөн бөхийн шинжилгээнд допингийн төрлийн бодис илэрчээ. Допингийн эсрэг байгууллагаас манайд зөрчилтэй гарсан бөхчүүдтэй холбогдож, Б сорьцоо шинжлүүлэх үү гэдгийг асууж, хүсэлт гаргана.

10 хоногийн дотор эдгээр бөхчүүд хийлгэх үү, үгүй юу гэдгээ манайх руу мэдэгдэж, бид Допингийн эсрэг байгууллагад мэдэгдэнэ. Нэрсийг нь зарлах боломжгүй байдаг. Нөгөө бөхчүүдэд мэдэгдээд, тэд А сорьц зөрчилтэй гарсан бол Б сорьцоо өгөх эсэхээ шийднэ. Тэрний дараа мэдэгдэх байх” гэлээ.