МҮБХ: Дөрвөн бөхийг допингийн зөрчил гаргасанд тооцлоо

Т.САНДАГ-ОЧИР
2021-11-18

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн хүсэлтээр шинжилгээ өгсөн нийт 18 бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулахад дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн билээ. 

Улмаар, Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн бөгөөд В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж болно гэдгийг мэдэгдсэн билээ. Гэвч эдгээр дөрвөн бөхөөс зөвхөн нэг нь Б сорьцоо шинжлүүлэх өргөдлийг өнгөрөгч 8-ны өдөр гаргасан ч төлбөрөө шилжүүлээгүй учраас хүчингүй болжээ. 

МҮБХ-ноос гаргасан мэдэгдэлд "Журамд заасан хугацаанд нэг бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч тухайн бөх Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад "Б" сорьц шинжлүүлэх өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан нэг бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.

Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно" гэжээ.