Э.Оюунболдын барилдах эрхийг хассантай холбогдуулан аав, багш хоёр нь юу ярив

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-08

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 06-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Хурлаар нийт гурван асуудал хэлэлцсэний нэг нь допингийн зөрчилтэй холбоотой бөхчүүдийн барилдах эрхийг хасах байсан юм. 

Тодруулбал, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Тэгвэл барилдах эрхээ, мөн аварга цолоо хураалгасан Э.Оюунболдын допингийн шинжилгээгээр неотон, панангин хоёр илэрсэн талаар нэгэн иргэн жиргэжээ.

Э.Оюунболдын барилдах эрхийг хассантай холбогдуулан түүний аав Д.Энхтөгс гуай ergelt.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Допинг хэрэглэсэн гэж олон жил хүүг минь гүтгэлээ. Цэвэр гүтгэлэг гэж аав хүний хувьд хэлнэ. Олон жилийн хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх гэж зохион байгуулалттай хийж байгаа зүйл. Бид хүүгээ хамгаалж хүрэх газар нь хүрч тэмцмээр байгаа ч хөдөөний бид хаана хандахаа мэдэхгүй юм" хэмээжээ.

Харин түүний багш Улсын начин Б.Адъяахүү "Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа. Бөхөө гэсэн ард түмнээс уучлалт гуйгаарай. Миний хувьд сэтгэлийг нь татаж өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж бөайна. 2016 оноос цөхөрч эхэлсэн ба олон хүн одоо боль, орхи, өөр багштай болсон хүн буянаараа болог гэсэн ятгалгад орсон байх. Шавь минь 2013 онд Улсын харцага цол аваад л багшаасаа дөлж эхэлсэн. Цаашид юу болохыг таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай. Миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж болог" гэжээ.