Э.Цэндбаатар: Ухаантай, сэргэг гоё тоглолт үзүүлнэ ээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-24

ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хөөгдсөнийхөө дараа мэргэжлийн тулааныг сонгоод байгаа билээ.

Энэ бүхний дараа тэрбээр мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийхээр ОХУ-ыг зорьсон юм. Түүний тулаан энэ сарын 17-нд товлогдсон ч хойшлон, өнөөдөр өрсөлдөхөөр болоод байгаа. Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь кавказ гаралтай Аслан Кабисов гэгч бөгөөд мэргэжлийн дэвжээнд долоон удаа тулалдахдаа бүгдэд нь ялсан бөгөөд дөрөвт нь хүнд цохилтоор ялалт байгуулж байжээ.

Харин манай тамирчин Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт болно.

Тэрбээр "WBA Asia Champion бүсийн төлөө ОХУ-ын 6-0 рекордтой тамирчинтай Улаанбаатарын цагаар арванхоёрдугаар сарын 24-нд 21:00 цагт тулаанаа хийнэ. Намайг дэмжиж сувгаа тааруулна гэж найдаж байна. Манай багш их сайн хүн. Хоёрдугаар сард тоглолт дууссан ч бэлтгэлээ тасалж болохгүй гэсэн. Дараа, дараачийн том тэмцээнүүдэд орж, бүс авахын тулд бэлтгэлтэй байгаарай гэсэн.

Би энд байгаа бүх бүсийг авахыг хүсэж байна. Юунд ч шантрахгүй тэвчээртэй байхад л болох юм байна гэдгийг мэдэрч байна. Өрсөлдөгч тамирчинтайгаа харц тулгарлаа. Айх юм алга. Сайн тамирчин учраас нэлээд хүчтэй тоглолт болох байх. Би ч гэсэн хичээнэ. Ухаантай, сэргэг гоё тоглолт үзүүлнэ ээ. Тулаан гэж юу байдгийг үзүүлнэ ээ” хэмээсэн юм. Кавказ гаралтай тамирчинтай найман раундын турш тулалдах бөгөөд оросууд энэхүү тулааныг маш хүнд тулаан хэмээн ярилцаж байгаа аж.