Э.Энхбат агсаныг сүүлчийн замд нь үдэн гаргалаа

O.Admin
2021-12-31

Булган аймгийн Могод сумын уугуул, Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат агсан тэнгэрт дэвшиж, өнөөдөр түүнийг 05.30 цагаас Спортын ордноос ах дүү амраг садан, хань ижил, анд нөхөд нь сүүлчийн замд нь үдэн гаргалаа. Тэрээр багын найздаа хүндээр зодуулж, найман сарын хугацаанд амьдрахын төлөө тэмцсэн ч харамсалтай нь гэмтлээ даалгүй амиа алдсан юм. Түүнийг сүүлчийн замд нь бөхийн спортоор хамт хичээллэж, нэгэн цагт зүлэг ногоон дэвжээн дээр хамтдаа барилдаж явсан найзууд нь үдэн гаргав. 

Уран барилдаант, эгэлгүй монгол эр хүний нэгэн болон Э.Энхбат агсан нь Булган аймгийн Могод суманд 1984 онд төрсөн, хулгана жилтэй бөгөөд бага балчир наснаас бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ.

Улмаар 2009 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадмуудад дахин гурван удаа, нийт дөрвөн удаа төрийн их баяр наадамдаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа. Мөн тэрээр улсынхаа их баяр наадамд таван удаа дөрөв давж шөвгийн даваанд хүч сорьсон, заал танхимын томоохон барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн шилдэг начин билээ.

Түүнчлэн самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байв. Талийгаачийн гэгээн дүр төрх, даруу төлөв зан чанар, Монгол бөхийн түүхэнд үзүүлсэн гарамгай амжилт бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.