Өнөөдөр Улаанбаатарын Их Дуулга тэмцээн эхэлнэ

O.Admin
2022-06-24

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд 30 орны 260 тамирчин оролцохоос ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор барилдах юм. Харин Украины шигшээ баг ирээгүй аж. 

Эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг жингийн барилдаанууд болно.

Эмэгтэй -48 кг жинд манайхаас дөрвөн бөх зодоглоно. Б.Баасанхүү В хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Лейла Алиеватай барилдана. Тус хэсэгт мөн Г.Наранцэцэг барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайваны бөх Чен Хао Линтэй барилдана. Харин С хэсэгт Т.Ариунзаяа барилдахаар сугалаа сугалсан бол эхний тойрогт хийлж дарагийн тойрогт хэсгийг тэргүүлсэн Японы бөх Нацүми Цүнодотой барилдана. Энэ жингийн сүүлийн бөх Б.Ойдовчимэд D хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн бөх Мэри Ди Варгас Лейтэй барилдана.

 

 

Эмэгтэй -52 кг жинд манайхаас дөрвөн бөх зодоглоно. А хэсэгт Ц.Гал-Од орсон бөгөөд эхний тойрогт ОХУ-ын бөх Лилия Нугаеватай барилдана. В хэсэгт Э.Номинтуяа орсон бөгөөд эхний тойрогт ОХУ-ын бөх Алеся Кузнецоватай барилдана. С хэсэгт Б.Хорлоодой тэргүүлсэн бол эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португал болон Туркменстан улсын бөхчүүдийн ялсантай нь барилдана. D хэсэгт М.Нандин-Эрдэнэ орсон бол эхний тойрогт Германы бөх  Масча Балхаустай барилдана.

 

Эмэгтэй -57 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. А хэсэгт М.Ичинхорлоо багтсан бөгөөд эхний тойрогт БНСУ-ын бөх Ежи Кимтэй барилдана. В хэсэгийг Л.Энхрийлэн тэргүүлсэн бол эхний тойрогт Их Британы бөх Леле Найрнтай барилдана. С хэсэгт О.Оюунчимэг эхний тойрогт Японы бөх Цүкаса Ёошидатай барилдах бол D хэсэгт Б.Алтанцэцэг Германы бөх Паулин Старктай барилдана.

 

Эрэгтэй -60 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. А хэсэгт Б.Цогт-Очир барилдах бол эхний тойрогт Узбекстаны бөх Кемран Нуриллаевтай барилдах бол хэрвээ ялсан тохилдолд хэсгийг тэргүүлсэн Тайваны бөхтэй барилдана. В хэсгийг тэргүүлсэн Э.Сумъяабазар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ болон Кыргыстан бөхчүүдийн ялсантай нь барилдана. С хэсэгт Б.Сүхбат эхний тойрогт БНСУ-ын бөх Сынбэом Жиёнтэй барилдах бол D хэсэгт Э.Ариунболд эхний тойрогт Тайваны бөх Чонг-You Линтэй барилдана.

 

Эрэгтэй -66 кг жинд манайхаас дөрвөн бөх барилдана. А хэсэгт Б.Нармандах эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казакстаны бөх Гусман Киргизбаевтай барилдах бол В хэсэгт Г.Сод-Эрдэнэ Туркменстаны бөх Хэким Агамаммедовтой барилдана. С хэсгийг Ё.Басхүү тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайваны бөх Юн-Минг Ченгтэй барилдана. D хэсэгт Б.Эрхэмбаяр эхний тойрогт Финляндын бөх Лукас Сахатай барилдана.