Т.Тулга, Ө.Батзул нар мөнгөн медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-08

Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ үргэлжилж байгаа билээ. Өчигдөр тус тэмцээний зарим жингийн аваргууд тодорлоо. Манайхаас гурван бөх медалийн төлөө барилдаж, гурвуулаа төрийн далбаагаа мандуулж чадсан.    65 кг-ын өрсөлдсөн  “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга мөнгөн медаль хүртлээ. Хоёр жилийн өмнө 18 настайдаа тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан тэрбээр энэ удаа үзүүрлэв. 

Т.Тулга якутын дэвжээнд нийт таван барилдаан хийсэн бөгөөд 1/16-гийн шигшээд Красноярскийн Николай Донзаленког цэвэр, 1/8 шигшээд “Стамбул-2011” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Даулет Ниязбековыг оноогоор цэвэр (10:0) хожсон.

Харин  шөвгийн наймд “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчиг 6:1-ээр, хагас шигшээд Буриадын Баяр Цыреновыг оноогоор цэвэр (13:1) ялаад байв. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд оюутны дэлхийн аварга, Оросын аваргын хошой мөнгөн медальт, Якутын шигшээ багийн ахлагч Виктор Рассадинд 2:4-өөр ялагдлаа.

97 кг-ын жинд  “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул барилдсан бөгөөд финалд Европын аварга Азербайжаны Нурмагомед Гажиевт оноогоор цэвэр (0:10) ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. 

Харин 86 кг-д зодоглосон  “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртэв. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаа амжилтаа давтав. Манай бөх  хүрэл медалийн төлөөх барилдаанд Финляндын Вилли Хейног 4:1-ээр илүүрхсэн.