Даамчид Lishui open-д амжилттай оролцов

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-13

Жил бүрийн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогддог “Xingqiu Cup” олон улсын тэмцээн уламжлал ёсоор Жэжянь мужийн Лишуй хотноо болж өндөрлөлөө. Зургаа дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд 106 даамчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 7 тамирчин оролцов.

Швейцарь системээр 9 өрөг тоглоход эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг 12 оноогоор 7, ДДХМ Д.Ганболд 10 оноогоор 19, эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Мишээл 11 оноогоор 11, ДДХМ Б.Мөнхжин 9 оноогоор 22-р байр эзэллээ. Мөн  ДДХДМ Д.Одонтуяа 6 оноогоор 39, 14 хүртэлх насны охидын ангилалд ДДХМ Э.Хүслэн 10 оноогоор 2, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Баярманлай 9 оноогоор 9-р эзлэв.

Дэлхийн цомын оноо цуглуулах цувралын 2018 оны сүүлчийн тэмцээн гэдэг утгаараа Lishui Open-д олон шилдгүүд ирж оролцсон юм. ОХУ, Украин, Голланд, Хятадын 7 их мастертай тоглосон гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 3 хожиж, 6 тэнцсэн амжилтаар 7-р байр эзэлж, 7000 юаний шагнал хүртжээ.

Хэдхэн хоногийн өмнө Беларусьт болсон өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Мишээл тэмцээний 5-р тавилд “Turkish Open 2018”-ын аварга, Оросын их мастер Иван Трофимовтой тэнцэж, сүүлийн өрөгтөө Якутын туршлагатай ОУМ Наталья Шестаковаг хожсон аж.

Харин ДДХМ Э.Хүслэн Беларусийн Ольга Федорович, БНХАУ-ын Жао Ханчин, Украины Ольга Балтажи, ОХУ-ын Иван Трофимов нарын дөрвөн гроссмейстертэй дараалан тоглохдоо 5 оноо (1 хожиж, 3 тэнцсэн) авч, охидын ангилалд мөнгөн медаль хүртжээ.