ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Наранцогт: Цагаан сарын баяраас өмнө ногдол ашиг олгох эсэх нь одоогоор тодорхойгүй

O.Admin
2024-01-22

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тус компаниас олгох ногдол ашгийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.

- Өнгөрсөн оны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Одоогийн байдлаар аудитын тайлан эцэслэн гарч, албажаагүй учраас ногдол ашгийн талаар хэвлэлүүдээр багагүй зөрүүтэй мэдээлэл явж байх шиг байна. Энэ талаар?

- Санхүүгийн тайлан эцэслэн гарсан ч одоогийн байдлаар аудит хийгдэж байгаа. Аудитын тайлан эцэслэгдсэнээр албаждаг гэж ойлгож болно. Мөн шинээр бүртгэж байгаа иргэдийн хувьцааг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв”-д бүртгүүлж, нийт хувьцааны тоог эцэслэх шаардлагатай байна. Үүний дараагаар нэг иргэнд олгох ногдол ашгийн хэмжээ тодорхой болно. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн нэг сая орчим хүүхэд бий. Энэ тооцоололд үндэслээд цэвэр ашгийн хэмжээг ногдол ашигт хуваарилавал нэг иргэнд ойролцоогоор 233 мянган төгрөг оногдож байгаа. Гэхдээ энэ нь урьдчилсан тооцоолол.

Харин Ж.Ганбат даргын нэг иргэнд 120 мянган төгрөг олгоно гэсэн нь 2022 оны ногдол ашгийн тухай юм. Тухайн үед компани онцгой нөхцөлд ажиллаж байсан учраас ногдол ашиг олгох тухай асуудлыг хойшлуулах шийдвэрт хүрч байв. Энэ талаар л мэдээлсэн нь тэр. Хэрвээ хууль хяналтын байгууллагаас хойшлуулсан шийдвэрээ эргэн хэлэлцэж, ногдол ашиг олгох нь зүйтэй гэж үзвэл тухайн үеийн ашгийг мөн иргэдэд олгох боломжтой. 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Үүнийг дунджаар авч үзвэл нэг иргэнд 120 мянган төгрөг ногдоно. Тэгэхээр хоёр өөр зүйл ярьсныг иргэд, олон нийт буруугаар ойлгосон байна лээ.

- Тэгэхээр иргэд хоёр жилийн хувьцааныхаа ногдол ашгийг нэг дор авах боломжтой гэсэн үг үү?

- Яг тийм. Гэхдээ гарах хууль зүйн дүгнэлтээс хамаарна. Угтаа энгийн хувьцааг нөхөж олгох тухай ойлголт байдаггүй. Гэхдээ 2022 онд хувьцааны ногдол ашиг олгох эсэхийг эцэслэн шийдвэрлэлгүй хойшлуулаад өнгөрсөн. Ийм учраас эргэн хэлэлцэгдэх эсэх талаар яригдаж байна.  Хэрвээ магадгүй тухайн үедээ олгохгүй гэж шийдвэрлэсэн бол одоо олгох шаардлагагүй.

- 2022 онд компани ашигтай ажилласан 1.3 их наяд төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгоно гэвэл энэ хэмжээний мөнгө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д байгаа гэж ойлгож болох уу?

- Тийм. УИХ-аас гурван заалт бүхий тогтоолыг саяхан гаргасан. Төрийн өмчит компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өртэй. Манай компани зүгээс тодорхой төслүүд хэрэгжүүлж, санхүүгийн хүндрэлд орж байгаа компаниудад санхүүжилт олгосон. Үүнтэй холбоотойгоор нийт 4.6 их наяд төгрөгийн асуудал байгаа. Тэгэхээр төрийн тавьсан өрийг төрд ноогдох ашгаар нь суутган тооцож, иргэдэд хуваарилах ашгийг тэр чигээр нь өгөх талаар тус заалтад тусгасан. Өнгөрсөн оны жишээгээр авч үзвэл нийт гурван их наяд төгрөгийн ашгийн 2.2 их наяд нь төрд ногдохоор байсан. Мэдээж хэрэг нэг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг олгоод нөгөөд нь өгөхгүй гэсэн ойлголт байхгүй. Миний зүгээс төрд 2.2 их наяд төгрөг төвлөрүүлэх санхүүгийн боломж байхгүй талаар өмнө нь мэдээлж байсан.

Хэрвээ ингэвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК ямар ч төлбөрийн чадваргүй болно гэдэг зүйлийг ярьсан. Иргэдийн тухай бол яриагүй. Түүнчлэн энэ эрхийг УИХ-аас гаргаж өгсөн. Одоо ямар боломж бий болж байна вэ гэвэл компани 2.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг төрийн өрөнд суутгах зарчмаар шийдвэрлэхээр болсон. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой дээр 4.6 их наяд төгрөгийн компаниуд хоорондын өр төлбөр үүсчихсэн байгаа. Энэ төлбөртэй суутган тооцвол компани төрд ногдох хувьцаанд ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараахгүй, өмнөх төр засгийн шийдвэрээр гаргасан өр төлбөрийг шийдвэрлэх ёстой. Цааш цаашдын ногдол ашиг хуваарилахад чухал зүйл болно. Тиймээс тогтоолд компани цэвэр ашгийн хэд хувийг ногдол ашигт, хэдэн хувийг өр төлбөрт хуваарилахыг тодорхой болгох заалт оруулсан.

- 2022, 2023 оны хувьцааны ногдол ашгийг нэг дор олгоно гэвэл нэг иргэнд дунджаар 350 мянга орчим төгрөг ногдоно гэсэн үг үү?

- Ерөнхийдөө тийм. Гэхдээ энэ бол ойролцоо тоо. Компанийн цэвэр ашгийн хэмжээ нэмэгдэх эсвэл хасагдахыг одоогийн байдлаар тодорхой хэлэх боломжгүй. Аудитын тайлан болон нийт хувьцаа эзэмшигчийн тоо хэмжээнээс шалтгаална.

- Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг олгох эсэхийг Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, шийдвэрлэдэг. Танай компанийн ТУЗ хэзээ хуралдах вэ?

- Хууль зүйн дүгнэлт гарсны дараагаар 2022 оны хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэхдээ ахиад нэг асуудал бий. Саяын УИХ-ын гаргасан тогтоолоор бүх иргэдэд хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл үүний дараа ТУЗ хуралдах гэж байна. Тэгэхээр 2022 оны ногдол ашгийг бүх иргэд авах уу эсвэл 2.5 сая иргэн л авах уу гэх асуудал үүснэ. Ирэх Засгийн газрын хуралдаанаас тогтоол, шийдвэр гарах байх. Үүнтэй холбоотойгоор энэ ажлыг хэрхэн зохицуулах, зохион байгуулах талаар тодорхой чиглэл өгөгдөнө.

- Цагаан сараас өмнө иргэд 1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг авч чадах уу?

- Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор аль болох эрт олгох шаардлагатай гэж үзэж байгаа. Болж өгвөл ногдол ашгийг цагаан сарын баярын өмнө олгохоор төлөвлөж байна.