М.Бадарч: Даваагаа 800 саяар наймаалцах санал тавьсан хүмүүсийг хардаж байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-04-30

Өнгөрөгч оны улсын баяр наадмаар Монгол Улсын арслан цолны болзол хангасан М.Бадарч допинг хэрэглэсэн гэх дуулиан дэгдээд чамгүй хугацаа өнгөрсөн билээ. М.Бадарч арслангийн тухайд би хэрэглээгүй хэмээн мэдүүлэг өгсөн бөгөөд Олон улсын арбитрын шүүхэд уг асуудлаар нэхэмжлэх гаргасан юм. Тэгвэл энэхүү нэхэмжлэлийг хангах шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, хэрэгт авагдсан баримтуудыг хаалттай шинжлэн судалсан билээ.

Тэгвэл өнөөдөр уг хэргийн талаар нээлттэй хэлэлцэж, талуудын асуулт хариулт үргэлжилж байна. Энэ үеэр Улсын арслан М.Бадарч хэлэхдээ “Би допингийн эсрэг дүрмийн зөрчлийн талаарх нэг ч сургалтад сууж байгаагүй. Энийг уувал хориотой гэдгийг өөрөө мэднэ. Би хэрэглээгүй гэж гомдол мэдүүлж байна. Хэрэглээгүй гэдгээ би өөрөө мэдэж байгаа учраас тэр юм. Сорьц авдаг шил өмнө нь шилэн дээрээ ч шивчихсэн кодтой ирдэг байсан. Гэтэл надад ирсэн шилэн дээр тийм зүйл байгаагүй. Би энэ код хаачаа вэ гэж асуусан.

Сүүлийн хоёр жилд ийм цулгай шил ирдэг болчихоод байгаа. Тэгэхээр ийм шил солигдох бүрэн боломжтой. Бөглөөг нь ч солих боломжтой. Допингийн шинжилгээний дээж шээсийг би өөрөө сайтар таглаж өгсөн өөр хүн хүрээгүй. Бодис илэрсэн тухай B шинжилгээний хариу надад ирээгүй. Мэйлээр ч хариу ирээгүй. Надад мэйл байхгүй. Зохион байгуулах хорооны хурлын талаар надад мэдэгдээгүй. Хурал эхлэхээс хоёр минутын өмнө Өсөх-Ирээдүй харцага утасдаж хэлсэн. Тэрнээс над руу хурал болно гэж хэн ч утасдаагүй. Утас дуугарсан бол би авах байсан. Дөрвөн жил барилдах эрх хассан гэх шийдвэр албан ёсоор надад ирээгүй. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон ууж идэж байсан зүйл дотор огт байгаагүй. Надад хувийн хардлага байгаа. Тавын даваанд 800 саяар даваагаа наймаалцах санал ирсэн.

Би хүлээж аваагүй. Тэр хүмүүсийг би хувьдаа хардаж байгаа. Тэр мөнгийг нь аваад хэвтчихэж болох байсан. Гэхдээ би энд хүний нэр дурдахгүй. Халуун савтай цай ирэх зүйл байсан ч тэрнийг би хардахгүй байна. Би ийм бодис байдаг гэдгийг мэдэхгүй үнэхээр гайхаж байна. Шээсний саваа хараад байсан шалтгаан нь шилэн дээр шивээс код байхгүй болсон байсныг асуусан. Тэр үедээ лац ломбыг нь ажиглаж огт хараагүй. А, В хоёр саванд гадны хүн хүрээгүй. Би дутуу таглаад өөрөө чангалсан" хэмээн мэдүүлэг өгч байна.