ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чатаар танилцсан бүсгүйгээ хүчиндэхийг завджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-31

“Соошл сүлжээгээр танилцсан залуу маань намайг алахаар завдлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид СХД-ийн зургадугаар хороонд байрлах “Содон” хорооллын 115 дугаар байранд очсон ч дуудлага өгсөн айл хаалгаа тайлж өгөхгүй байсан аж.

Улмаар, доод айлынх нь аваарын шатаар дамжиж, бүсгүй хүн хашгирч байгаа айлын цонхоор орж, хэргийг таслан зогсоожээ. Бүсгүй тухайн залуутай чатаар танилцсан бөгөөд гэртээ урихад нь ирсэн аж. Гэсэн ч сэжигтэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, улмаар хүчиндэхийг завдсан байна.

Харин бүсгүй эсэргүүцэл үзүүлэхэд залуу хутга барин дайрч, гарыг нь зүсэж гэмтээсэн аж. Хохирогч бүсгүй “Найз маань дуудсан учраас ирсэн. Гэтэл архи уучихаад хүчиндэхийг завдсан. Би эсэргүүцэл үзүүлсэн ч гарч явах гэвэл ална шүү гэж айлгасан. Би нойл орлоо гэж утсаа авч ороод найз руугаа чат бичсэн” хэмээн мэдүүлжээ.

Цахим орчинд энэ мэт гаж донтон, охид бүсгүйчүүдтэй танилцаж бэлгийн дур хүслээ хангах гэсэн бусармаг гэмт хэрэгтэн нуугдаж байдаг учраас чатаар танилцахгүй байх, цахим гэмт хэргээс сэрэмжлэх, мөн эцэг эхчүүд үр хүүхдийнхээ соошл хэрэглээнд анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.