ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

C.Зоригийн хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-ын албан тушаалтанг цагдан хорьжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-23

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан хэмээн суллах асуудал хөндөгдөж, өдгөө ялтнууд хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Олон нийтийн дунд багагүй хүлээлт болон айдас төрүүлээд буй эл хэрэг нийтдээ 20 гаруй жилийн хугацаанд хуулийн байгууллагын бүх шатлалыг дамжин шалгагдаж буй ч ажлын хэсгүүд өөр хоорондоо түлхэлцэж эхлээд байгаа.

Энэ хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа шүүх хурлын дараагаас эхэлсэн гэх бөгөөд нэр бүхий 3-4 хүнийг захиалагчаар татан шалгаж буй. Дээрх шалгагдаж эхэлсэн хүмүүс нь улс төрийн томоохон албан тушаалтан гэдэг нь тодорхой болжээ. Харин тэдэнтэй хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийг шалгаж байгаа бөгөөд шууд цагдан хорих, аль эсвэл нийтэд зарлах нь эрсдэлтэй байгаа талаар эх сурвалж дуулгасан байна. Хэрэг анхнаасаа нууцын зэрэглэлтэй шалгагдаж байсан учраас улсын нууц задалсан байж болзошгүй мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс албан тушаалаа ашиглан оролцсон байх магадлалтай хүмүүсийг ийнхүү шалгаж байгаа юм байна.

Мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ хэтэрхий том учраас маш олон хүнээс байцаалт мэдүүлэг авч байгаа гэх ба нэг удаа сайдаас мэдүүлэг, тайлбар авчээ. Мөн өнгөрсөн хугацаанд маш олон ажлын хэсэг нууцаар томилогдон ажилласан байдаг. Иймд дээрх хэрэгт ажилласан үе үеийн ажлын хэсгийн мөрдөгч, албан тушаалтан, хуулийн байгууллагын дарга нарыг шалгаж байгаа аж.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тагнуулаар ажиллаж байсан нэг хүнийг хорьжээ. Одоогийн байдлаар энэхүү хэрэг АТГ-т шалгагдаж эхлээд буй бөгөөд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектын хэлтэст шилжүүлсэн байна. Учир нь ялтнуудыг цагдан хорьж, байцаалт авч эхэлснээс хойш эрүүдэн шүүхдээ мөрдөн байцаагчид болон тагнуулын байгууллагын ажилтнууд оролцсон гэдэг билээ. Ийм учраас хөндлөнгийн нөлөө оролцуулахгүй байх үүднээс Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа аж.

Эрүүдэн шүүсэн асуудал яригдаж эхэлснээс хойш цагдаа тагнуул, ШШГЕГ-ын ажилтнуудыг цагдан хорьсоор байна. Ингэхдээ хэрэг шалгаж, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахдаа хүний эрх ноцтой зөрчсөн алба хаагчдын үйлдийг баримтаар илчилсэн даруй шууд цагдан хорьж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх ялтнуудыг эрүүдэн шүүсэн хэргээр тагнуулын байгууллагын хоёр ажилтныг саатуулан шалгаж байна. Мөн Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байгаад ШШГЕГ-т нэгэн хэлтсийн даргаар очсон албан тушаалтанг хэдхэн хоногийн өмнө цагдан хорьжээ. Тэднийг гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хорьж байгаа аж.