ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг шалгаж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-29

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Жон Жэ Нам виз олголтод хөндлөнгөөс нөлөөлж, зуучлагчидтай хуйвалдсан, виз мэдүүлэгчийн хураамжийг хувьдаа завшсан  байж болзошгүй гэх хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн талаар Солонгосын “SBS” суваг мэдээллээ. Түүнчлэн, ажилтнуудтайгаа зүй бусаар харьцсан аудио бичлэгийг цацсан юм. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд аудитын шалгалт хийх шийдвэр гаргажээ.  БНСУ-ын Гадаад хэргийн яам аудитын дүгнэлт гарсан даруйд холбогдох арга хэмжээг яаравчлан авахаа мэдэгджээ. 

Элчин сайдын ажилтнуудтайгаа зүй бус харилцаж буй бичлэгт “Миний идэж байгаад орхисон тахианы махтай хоол алга болсон байна. Олж авчир” гэх зэргээр хашгирч, загнан ёс зүйгүй  авирласан нь бичигдсэн байв. Мөн “Элчин сайдын охиныг таньсангүй. Хаалгаар оруулалгүй гурван минут хүлээлгэсэн” хэмээн хамгаалалтын ажилтныг үг хэлээр доромжлон дарамталж буй нь бичигдсэн байжээ. 

Жон Жэ Нам нь өнгөрөгч 2018 оны тавдугаар сарын 17-нд БНСУ-аас Монгол Улсад суух 12 дахь онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон, өргөмжлөх жуух бичгээ Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьж байсан юм. Гэвч, ажлаа хүлээж авснаасаа хойш тэрбээр визийн хураамжаас завшсан, визийн материалыг хуурамчаар бүрдүүлэхэд оролцож, зуучлагчидтай хуйвалдсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдсэн нь энэ аж. Мөн ажилтнуудыг албадан албан тушаалыг нь өөрчлөх зэрэг зохимжгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан байна.  Одоогоор Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм. 

Үүнээс өмнө өнгөрөгч нэгдүгээр сард БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудтай холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээнд дуулиан тарьж байлаа. Тухайн үед Элчин сайдын яамны Солонгос дипломат ажилтан болон монгол ажилтнууд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар монгол эмэгтэйг эрчүүд нь дотно харилцаанд орохыг тулган шаардаж, эсэргүүцэл үзүүлэхэд нь хувцсыг нь нууж, зодсон тухай бичлэг цацагдаж байв. БНСУ-ын Элчин сайдын яамнаас ямар нэг тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч, монгол ажилтнуудын хоорондын маргаан гэдгийг тодотгож, бичлэг хийсэн хамгаалалтын ажилтны эсрэг гомдол гаргасан гэдгээ мэдэгдэж байв.  

Эх сурвалж: world.kbs.co.kr, 
news.sbs.co.kr