ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улсад гадны долоон иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийн илрүүлэлт, хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. 

2019 он гарснаас хойш хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа бөгөөд ерөөс сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгааг албаны хүн онцлов. 

Тус хэлтэс 2019 оны эхний зургаан сарын байдлаар хэчнээн төрлийн гэмт хэрэг илрүүлсэн, хэдэн хүн уг хэрэгт холбогдсон талаар нэгдсэн мэдээлэл өгөв. 2018 онд тухайлбал энэ төрлийн гэмт хэрэг 199 бүртгэгдэж, 412 холбогдогчийг шалгаж байжээ. Харин 2019 оны хагас жилд 89 хэрэгт 186 хүн холбогдсон шалгагдсан байна. Үүнээс, худалдаалах зорилгогүй хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн 65, худалдан борлуулах зорилгоор олж авсан 24, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэлэлийн нэг гэмт хэрэг тус тус шалгагдаж байгаа олон хоёр ба түүнээс дээш оролцогчтой бүлэглэсэн 12, худалдан борлуулсан 16, улсын хилээр хууль бусаар борлуулсан 16, тарьж ургуулсан нэг, орон байраар хангасан нэг гэмт хэрэгт бүртгэгджээ. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан тушаалтан хэлэхдээ “Энэ төрлийн гэмт хэрэгт 18-35 насны залуус ихээр өртөж байна. Нийт гэмт хэрэгтнүүдийн 86 хувь нь залуус байгаа. Тэр дотроо насанд хүрээгүй есөн хүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь санаа зовоох асуудал болж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай болж байна. Судалгаа хийж байна. Хэвлэл мэдээллийн төв, Хар тамхитай тэмцэх хэлтэс хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Цаашдаа ч хамтарч ажиллана. Эдгээр хүмүүсийн 84.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байдаг. Шалгаж байгаа хэрэгтэн дотор гадаад улсын долоон иргэн байгаа. Нигер улсын дөрөв, Солонгос, Франц, Энэтхэг улсын тус бүр нэг иргэн шалгуулж байна. Сүүлийн үед шуудан илгээмж ашиглан хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаа гэмт хэрэг ихээр гарах боллоо. Ийм оролдлого нэмэгдэх боллоо. Хагас жилийн хугацаанд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 16 гэмт хэргийн 11 гэмт хэргийг шуудан илгээмж ашиглан үйлдсэн. Энэ бол Монгол Улс руу хар тамхи илгээдэг нэг төрлийн урсгал боллоо. Испани улсаас гурав, ХБНГУ-аас хоёр, Нидерланд, АНУ-аас хоёр, Тайланд, ИБНВУ-аас тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгдсэн. Бид хяналт шалгалтын үр дүнд 718.9 гр “ice” буюу мөс. 30.5 гр каннабис, 3 кг 21 гр кашиш, 30 гр каннабисын тос, “LST” буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 13, экстаси 115 ширхэгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, захиалагч болон илгээгчийг бүрэн гүйцэд илрүүлэн шалгаж байна. Энэ бол зах зээлийн үнэлгээгээр 968 сая төгрөг болж байна. 

Хар тамхитай холбоотой хэрэг дан ганц Улаанбаатар хотод гараад байгаа юм биш. Орон нутгуудад ч их гарч байна. Тухайлбал, Орхон аймагт гэхэд л энэ оны байдлаар долоон гэмт хэрэг бүртгэгдлээ. Сэлэнгэ, Дорнод, Төв, Булган, Өмнөговь аймгуудад мөн л тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгдсэн” гэлээ. Тус хэлтэс нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтээс гадна мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хууль ёсны эргэлтэд хяналт тавьж ажилладаг аж. Энэ хүрээндээ зургадугаар сарын 10-наас эхлэн тав хоногийн турш НМХГ, Нийслэлийн прокурорын газартай хамтран энэ төрлийн эм бэлдмэл борлуулж байгаа эмийн сан болон эм худалдан борлуулах эрх бүхий байгууллагуудад гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар мөн хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. 

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 62 эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын чиглэлээр орлого, зарлагын бүртгэл байхгүй, эм бэлдмэл дутуу, эмийг хуурамч, хүчингүй, энгийн эмийн жороор худалдаалсан, албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн 76 үйлдлийг илрүүлж, шаардлагатай асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэхээр гэмт хэргийн бүртгэл нээжээ. Харин зөрчилтэй асуудлыг арилгах чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн байна. Хуурамч жороор сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг худалдан борлуулах нийтлэг зөрчил илэрч байгаа бөгөөд трамадол гэх эмийг 3500 ширхэгийг борлуулсан зөрчил гарчээ.