ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Их хурал иргэнээ сонсдог болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-03

“Яаж сонсов” хэмээн асуух хүн олон гарах нь мэдээж. Тэгвэл энэ асуултад хариулт болох хэд хэдэн жишээг энд бичье. Нэгдүгээрт, улс төр, нийгэм эдийн засгийн олон төрлийн судалгааг аль нэг нам, улс төрийн хүчнээс ангид хийдэг МИК хэмээх судалгааны байгууллага өнгөрөгч зургадугаар сарын 25-28-ны өдрүүдэд 750 гаруй иргэнийг санамсаргүй аргаар түүвэрлэн сонгож, улс төрийн судалгаа хийсэн аж.

Энэхүү судалгаанд хамрагдсан иргэд “УИХ-ын үйл ажиллагаа хамгийн сайн явж байна. Иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв зүйтэй ажил болно” гэсэн саналыг хамгийн их өгчээ. Засгийн газар, ЕТГ хоёрын өмнө ажлын үзүүлэлтээрээ “алхаж” чадсан энэхүү үзүүлэлт бол нэр хүнд нь шалаар хөглөрч байсан УИХ-д итгэх иргэдийн итгэл эргээд сэргэж буйг харуулсан хамгийн том үзүүлэлт юм.

Хоёрдугаарт, УИХ-аар яг одоо Үндсэн хуулийн 30 орчим хувьд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Бүтэн гурван парламент дамжиж, сүүлийн хоёр жилийн хугацаанд идэвхтэй хэлэлцүүлэг хийж, бэлтгэсэн хуулийн төсөл Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэнчлэн алдаатай, бас авах зүйл ч ихтэй байгаа. Тэгвэл Их хурлын гишүүд хэлэлцэх эсэхийг нь дэмжсэний дараа орон нутагт, тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсчээ.

Харин өнгөрсөн баасан гарагаас эхлэн иргэдээс ирсэн саналын нэгбүрчлэн хэлэлцэж, нийтдээ 15 зарчмын зөрүүтэй саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар болсон байна. Эдгээр 15 санал бол олон нийтээс ирсэн санал гэсэн үг. Тухайлбал, иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг хамгийн их хөндсөн бөгөөд гэмт хэрэгт холбогдсон бол эргүүлэн татах ёстой гэжээ. Тэгвэл хэлэлцүүлгийн шатанд энэхүү заалтыг нэмж оруулахаар шийдсэнээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дуулгав.

Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэсэн заалт өнөөгийн хүчин төгөлдөр Үндсэн хуульд байдаг. Тэгвэл “Гэм буруутай гэж Цэцийн шийдвэр гарвал эргүүлж татна” гэсэн шинэ заалтыг нэмэхээр болсон байна. Нөгөөтээгүүр, шүүх засаглалыг хариуцлагатай болгох асуудлыг ч мөн ярьдаг. Энэ талаар илүү дэлгэрэнгүй тусгаж өгөхөөр болсныг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчаар томилогдсон Д.Лүндээжанцан гишүүн дуулгалаа.

Сумын Засаг даргаа орон нутгийн иргэд сонгодог болох, Сумын Засаг даргад аймгийн Засаг дарга хариуцлага тооцдог байсныг өөрчлөх, УИХ-ын гишүүн Үндсэн хуульд зааснаас өөр ажил албан тушаал давхар хашихыг хориглох гэх мэтээр олон заалтуудыг эргэж нягталж, иргэдээс ирсэн саналыг тусгаж байгаа нь олзуурхууштай юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүхэн саналаа тусгаж, нэг ёсондоо иргэдээрээ хэлэлцүүлсэн чамбай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдах нь ээ. 2000 оны алдааг давтахгүйн тулд эрх баригч нам энэ удаа илүү хариуцлагатай хандаж, хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард түмнээс дахин санал асууна. Их хурлын гишүүд зөвхөн төслийг эцсийн байдлаар л бэлэн болгоод иргэдийн гарт хүргэнэ. Тэр бүхнийг нь ард түмэн уншиж судлаад саналаа өгөх бөгөөд “батлах ёстой” гэж үзвэл батална. Батлахгүй гэвэл батлахгүй. Ийм л энгийн зүйлийг сөрөг хүчний зүгээс зориудаар улстөржүүлж, иргэдийн саналыг тусгасангүй, мэдээлэл аваагүй байна хэмээн харлуулж, хэлэлцүүлэгт орохгүй хэмээн шоудаж байгаа нь гайхмаар асуудал гэдгийг нуух юун.

Их хурлын гишүүний үндсэн үүрэг нь хууль батлах. Гэвч иргэний эрх ашгийг тусгадаггүй, үгийг нь сонсохгүйгээр алдаа мадагтай олон хууль баталж байсан муу жишээ манай парламентад хангалттай олон бий. Харин энэ алдааг Г.Занданшатарын даргалж буй парламент засах уу гэсэн итгэл ард түмэнд төрж эхэлснийг нийтлэлийн эхэнд онцолсон багахан судалгааны дүн харуулж байна. Ганцхан энэ удаагийн Үндсэн хууль ч бус цааш, цаашдаа батлах олон хуулийн төсөл энэ мэт тооцоо судалгаатай ханддаг, иргэд олон нийтээр хэлэлцүүлдэг, үгийг нь сонсдог сайн жишиг тогтоосой билээ. Тэгж чадвал, “76 мал” хэмээн үеийн үед адлагдаж ирсэн парламентын нэр хүнд эргэн сэргэж, ард түмэн ч төрдөө итгэх итгэлтэй болох юм.