ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сэжигтэн Ц.Амгаланбаатар С.Зоригийн амийг бүрэлгэх захиалгыг хэн өгсөн талаар мэдүүлсэн байж магадгүй

А.ОДСҮРЭН
2019-04-07

Одоогоос жил гаруйн өмнө С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байсан Ц.Амгаланбаатар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байж магадгүй ажээ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр энэ мэдээллийн хоёр ч сайтад энэ талаар мэдээлж, мэдүүлгээс нь цухас дурьдсан байсан бөгөөд тэр даруйдаа уг мэдээллийг устгасан байлаа. 

Ц.Амгаланбаатарын уг мэдүүлэгт захиалагч, нуун далдлагч, зуучлагч гэх гурван хүний нэрийг дурьдсан байсан бөгөөд тэд өөрийг нь алж магадгүй тул амь насыг минь хамгаалалтад авахыг хүссэн байжээ. Тэрбээр уг мэдүүлэгтээ “Миний бие хэргийн захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч  Ганхуяг нарыг буруугүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Бат-Үүлийн малгай хохирогч С.Зоригийн гэрээс олдож гэм буруутай нь нотлогддог.

Мөн Э.Бат-Үүлийг С.Зоригийг алагдсан орой С.Зоригийн байрнаас гараад малгайгүй гүйж явсныг харсан хүн гэрчилж мэдүүлэг өгсөн. Бас С.Зоригийг алагдахаас хэд хоногийн өмнө Э.Бат-Үүл н.Ганхуяг, Содномдаржаа, Паар бид нарыг С.Зоригийн байрны үзүүрт С.Зоригтой Э.Бат-Үүл муудалцаж байсныг харсан УИХ-ын гишүүд болон цагдаа нар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэргийн захиалагч Э.Бат-Үүлд хуулийн дагуу ялыг оногдуулж өгнө үү. Өнөөдөр ч юм уу, жилийн дараа би өвчний оношоор хорлогдож үхэх маш хэцүү байдалд байна. 18 жил илрээгүй хэргийг би өөрийн биеэр илчилсэн байдлыг харгалзан цаашдын аюулгүй байдлыг хамгаалж өгнө үү.

Мөн захиалагч Э.Бат-Үүл, Б.Булган, н.Ганхуяг нарыг ард түмнийхээ өмнө үнэн зөвөөр яллагдана гэдэгт итгэж байна. С.Зоригийн хэргийн захиалагч нар ялгүй өнгөрч болохгүй. Б.Булган бол С.Зоригийн хэргийг 18 жил нуун далдалж худал мэдүүлэг өгч цагдаа болон тагнуулын байгууллагыг 18 жил хуурсан боловч намайг С.Зоригийн хэргийг илчилснээс хойш үнэнд гүйцэгдэж шоконд орсон.

Б.Булгантай нүүрэлдэж ярилцахад миний нүүр лүү харж чадахгүй доошоо тонгойчихоод юу ч ярьж чадахгүй хэлгүй балай царайлаад нүүрээ дараад суугаад байсан. Би байцаагчаас дахин гуйж нүүрэлдсэн боловч бас юу ч ярихгүй, ярьсан юм нь “бурхны талаар бод, чи бол зэвсэг” гэж хэлсэн. Энэ нь чи бол үхнэ гэсэн утгатай болов уу гэж бодсон. Мөнгө чинь хаана байна гэж асуусан гэсэн.

Б.Булганы үгээр хулгайч нар гэрт нь дээрэм хийсэн болгох санаа болов уу. С.Зоригийг Э.Бат-Үүл захиалж сайдын суудлаас болж алуулсан болохоос орон байрны хулгайч нар С.Зоригийн гэрийг дээрэмдэж, хоол идэж уугаад С.Зоригийг хүлээнэ гэж байхгүй. Б.Булган орон байрны хулгай руу хэргийг чиглүүлж Э.Бат-Үүлийг хаацайлдаг. Б.Булган мэдүүлгээрээ өөрийн гэм буруутайг хангалттай нотолж байхад хэргийг хэрэгсэхгүй болгож ял оногдуулаагүй. Эрх мэдэл, танил талтай хүмүүс С.Зоригийн хэрэгт холбогдолгүй болж хэргийг илчилсэн ядуу ард Ц.Амгаланбаатар миний бие ганцаараа үхэх /хорлогдож үхэх/ гэж байгаад гомдолтой байна. Өвчнөөр үхлээ гээд л намайг ална. Захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг нар гэмгүй өнгөрнө.

Э.Бат-Үүлийг заасан гэрч нарыг хамгаалалтад авч, захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг нарыг хуулийн дагуу шударгаар яллаж өгнө үү. Содномдаржаа, Чимгээ нарыг тэд нар зааж, явсан байсан газрыг нь хэлдэг. Энэ хоёрын хувьд ах, дүү олонтой, хөөцөлдөх хүмүүс ихтэй болохоор хорлогдож үхэхгүй. Харин намайг үхнэ гэж өмгөөлөгч Дашдорж хэлсэн учир аюулгүй байдлыг хамгаалж өгнө үү. Ц.Амгаланбаатар би өвчнөөр гэсэн оноштой хорлогдож үхсэн ч С.Зоригийг сайдын суудлаас болж Э.Бат-Үүл алуулж, Б.Булган нуун далдалсан гэдгийг хэлмээр байна. Би муу хүн гэхдээ эх орондоо хайртай. Өнөөдөр би цор ганцаараа ч алтан соёмбот төр минь намайг хамгаална гэдэгт итгэж байна” гэж мэдүүлсэн бололтой. 

Энэ гомдол хэрэв үнэн бол дээр нэр дурьдагдсан зуучлагч Ганхуяг гэгч нь хэн болох, тэрхүү өмгөөлөгч Дашдорж нар үнэнийг мэдэж байгаа болж таарах нь. 

Ц.Амгаланбаатарын мэдүүлэг үнэн бол тэр энэ бүх хугацаанд яагаад дуугүй байв, яагаад шоронд хамт нэг хэрэгт яллагдаж  байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэргээ хүлээ хэмээн дарамталж, зодож занчсан юм бол гэх асуулт гарна. Магадгүй тэр өөрөө маш их дарамтад орсон байж  болно, хэн нэгэнд хэргээ тохохгүй бол... гэсэн байж болох юм биш үү.

Ц.Амгаланбаатар нь одоо 37 настай бөгөөд хүн амины хэргээр шоронд ял эдэлж байхдаа “С.Зоригийг би алсан” хэмээн мэдэгдэж, “Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдсэн” хэмээн мэдэгдсэн байдаг. Тэр энэ хэрэг гарах үед 17 настай байсан, ийм бага залуу хүүхэд хэн нэгнийг ямар ч дээрэм, тонуулын зорилгогүйгээр 40 гаруй удаа хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн байж болох уу.  

Шорон гяндангийн нөхцөл, эрхтэн дархтны дарамт шахалтаас болж энэ хэргийг хэн нэгэнд тохож, амь гарахыг хүссэн байж болох ч тэр өөрөө энэ хэргийг үйлдсэн бол өдий болтол шоронд, амьд яваад нь эргэлзэх хэрэг гарна. Нөгөө талаар хэргийг илрүүлсэн, эзнийг нь олсон нэгэнд 500 сая төгрөгийн шагнал өгөх Засгийн газрын гишүүний мэдэгдэл ч нөлөөлөөгүй нь гайхаш төрүүлдэг. Юутай ч яллагдагч Ц.Амгаланбаатар хэргийн учрыг сайн мэдэж байж болох. Хорь гаруй жил улстөрчдийн тоглоом шоглоом, сонгуулийн шоу болж байсан “С.Зоригийн хэрэг” гэх энэ сэдэв цаашид ч улстөрчдийн, хууль шүүхийнхний амны бай болохгүй гэх газаргүй. Шударга бусын хонгил нурж буй өнөө цагт энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, буруутнууд хэргээ хүлээж, хариуцлагаа үүрэх цаг айсуй.