ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганбат: Ковидоор 61 хүн нас барчихлаа, хэн ч энд эмгэнэл илэрхийлсэнгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-22

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэсэн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлын эхэнд Цэцийн гишүүн Д.Солонго хуралдааны шийдвэр, үндэслэлийг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Үндсэн хууль бол тэнгэрийн цааз гэдгийг бидэнд сануулж байна. Үндсэн хуулийн цэг, таслал, үг бүр бидэнд чухал. Цэг байтугай нэг өгүүлбэрийг бид тойрч гарах гэж оролдоод бүтэлгүйтлээ. Энд сонгуулийн хууль нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэдэг асуудлыг яриад байгаа. Энэ зөв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: АН-ын гишүүн Ц.Туваан гарын үсэг зураагүй гэлээ. Гэвч цагаан дээр хараар таны гарын үсэг байна. Гадны компаниас АН-ынхан ямар зөвлөгөө авдаг юм бэ. Улс төрийн намыг сонгуульд оруулахгүй гэсэн пиарыг та нар хийлгэж байгаа юм. Нэг намын дарангуйлал гэж АН-ынхан яриад байгаа. Ард түмний сонголт шүү дээ. Энд Үндсэн хуулиа дагаж мөрдөх асуудлыг л яриад байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Аль болох улстөржихгүй байх юмсан гэж Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгохоор оруулсан юм. Улс төрөө жаахан багасгаад улс орноо бодоод, ард иргэдийн амьдралыг яаж өөд нь татах вэ гэдгээ бодмоор байна. Өнөөдөр л эрх мэдэл албан тушаалтайгаа л байвал болно гэж хандмааргүй байна. Сонгууль болдгоороо болно, сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Ард түмнээ бодъё. Цар тахлаа хэрхэн яаж давах вэ гэдгээ ярьцгаая. Гарцаа яаж нээх, хүнс тэжээлээ хэрхэн базаах, төмс хүнсний ногоогоо тариалж, барилгаа баръя. Бид нэг л Монгол Улс. Бүгд ах дүүс, аав ээж, гэр бүлтэй. Тиймээс улс төрөө хойш тавьж, улс орноо бодъё.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж ярьдаг ч шударга ёс энэ танхимд устаж үгүй болох эхлэл энэ танхимд тавигдаж байна. Маш эмгэнэлтэй явдал шүү. Монгол хүний сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах үүргээ умартаж, хуулийг завхруулж, хэн нэгний эрх ашигт нийцүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг татан оруулж байгаад гүнээ эмгэнэж байна. Энэ үйлдлээ бүр олон улсад нэрээ шившиглэсэн Д.Одбаяр гэгчээр гүйцэтгүүлж байгааг Монголын ард түмэн харж байна. Эмэгтэй хүнд бэлгийн дарамт учруулсан хэргээр Солонгос улсад саатуулагдаж байсан хүн Монгол Улсын цэцийг ахлаад сууж байгаа нь зөв юм уу. АН-ын гишүүд бид Цэцээс эгүүлэн татах асуудлыг өргөн барьж, цаг товлосон. Гэвч УИХ-ын дарга хариу өгөөгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: ХҮН-ыг МАН-ын өмнөөс ажиллаад байна гэж байна сошиалаар битүү ярьж байна, чааваас. Одоо энэ асуудал нь УИХ-ын чуулган дээр ороод ирлээ. Д.Ганбат, Н.Алтанхуяг нар ярьж байна. Тийм юм байхгүй ээ. Бид та нар шиг хуйвалдаж, наймаалцаж явдаггүй ээ. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр чинь хайр сэтгэлтэй байж байсан тэр үед чинь бид асуудлаа гаргаж ирсэн  юм шүү. Парламентын алдаа шүү. Монголд нэг хүний засаглал хэрэгтэй юм уу. Өнөөдөр биш гурван сарын өмнөөс ярьсан. Улсын эрх ашиг чухал юм уу, намын эрх ашиг чухал уу. Улсын эрх ашгийн төлөө бол МАН, АН тэр байтугай чөтгөртэй ч нэгдэж чадна. Танайд Х.Баттулгаас өөр зоригтой улстөрч байхгүй юм уу. Тэгвэл манай нэр дэвшигчийг дэмжээд өг л дөө. Бид ёсзүйтэй, хүнлэг, мэдлэг боловсролтой, бүр У.Хүрэлсүхийг давж чадах нэр дэвшигч гаргаад ирье.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Ковид”-оор 61 хүн нас барчихлаа. Хэн ч энд эмгэнэл илэрхийлсэнгүй. Миний хувьд ар гэрийхнээс нь уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье. Та нар хааяа дуугарчихаж бай. Та нарын өмнөөс уучлалт гуйсаар залхаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хугацаандаа явж чадах уу. Та нар биш ард түмэн Ерөнхийлөгчийг сонгосон. Тэдэнд дүнгээ тавих эрхийг нь өг. Ард түмнийг цус урсгах, тэмцэх тэмцэл рүү та нар өөрсдөө дуудаж байна. Тэгээд дараа нь ард түмний мөнгөөр ордноо босгодог биз дээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Аль нэг талд нөлөөлж шийдвэр гаргаагүй. Монголын төр хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байна. Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ хуулийн дагуу л хэлэлцэж, олонхийн саналаар дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Цэцийн шийдвэрээ ярьцгаая. Уянгын халилтай улс төр хэрэггүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан гишүүдийн нэг нь би. Тухайн үед асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сарын 09-нөөс эхлэн мөрдье гэхэд ЕТГ-ын дарга асан З.Энхболд 2020 оноос хэрэгжүүлье гэж өөрөө оруулсан. Гэтэл Х.Баттулга мэдээгүй гээд тэр хүнд нийцүүлэх албагүй. Цэцэд нөлөөлөх гэж оролдсон хүн шүү дээ. Гэхдээ нөлөөнд нь ороогүйд харин ч талархаж байгаа. Т.Доржханд гишүүн олон удаа хэлсэн шүү. Их хурлын чуулган дээр энэ асуудлаар Цэцэд хандана гэхийг бид хоёр чихээрээ сонсоод сууж байсан.