ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хошууч генерал Б.Баярмагнайгийн цолыг хурааж, хуулийн хариуцлага тооцъё

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-06

Монгол Улсын төрийн далбааны өмнө эр цэргийн ёсоор цэхлэн зогсож, “Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” хэмээн цэргийн тангараг өргөсөн хүний нэг бол хошууч генерал Б.Баярмагнай билээ. Монгол Улсын эрхэм хүндтэй цэргийн цол буюу “хошууч генерал” болох хүртлээ төрийн дал­баа­ны­хаа өмнө хэчнээн удаа энэхүү тангаргийг ёс­лон зогсож, уншсаныг би мэ­дэх­гүй юм. Энхийг сахиу­­лах эр цэргүүдийн үн­дэс суурийг тавихдаа, Их жанжин Д.Сүхбаатарын тал­­байд зургаан удаа жаг­саа­лын парадыг удирдаж байх­даа, батлан хамгаалах сал­ба­рыг удирдаж явахдаа ч “эх ор­ноо хамгаална” хэмээн эр цэр­гийн тангараг өргөж, өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны дагуу цээрлэл хүлээнэ гэж амлаж явсан гэдэгт харин итгэлтэй байна. 

Гэвч, өнөөдөр генералын юу хийж, ямар үйлдэл гаргаж явааг ойлгох ухаан хүрсэнгүй ээ. Өдөр тутмын томоохон сонинд өгсөн ярилцлагыг нь уншаад ч эр цэргийн ёсоор тангараг өргөсөн, эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахаар тангарагласан цэргийн генерал юм шүү дээ гэсэн итгэл үнэмшил төрсөнгүй, уучлаарай. Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан олон ахмадуудын тархийг сэнсэртэл угаачихаад “төрийн эргэлт хийнэ” гэх утгатай буруу, хазгай зүйл яриад явж байгаа нь худлаа биш. Үүнийг нь ил шулуухан хэлсэн сэтгүүлчдийг харин бүлэглэлд үйлчилсэн хэмээн буруутгасан байна билээ, тэр. Хошууч генералын байгуулсан “Монголын үндэсний фронт” гэх нэгдсэн хөдөлгөөнд Монгол төрийн нөлөө бүхий ахмад зүтгэлтнүүд болох АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц, тэмцэгч Ц.Мөнхбаяр, “Босоо хөх Монгол” бүлгэм, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, тоймч Ш.Гантулга нарын хүмүүс багтдаг юм билээ. Гэвч хатуухан хэлэхэд, эх оронч дүр эсгэсэн энэ мэт “горилогч” нар улс эх орондоо хийдгээ хийж, бүтээдгээ бүтээчихсэн ахмадуудынхаа гавьяаных нь амралтыг мөрөөр нь эдлүүлж яагаад болдоггүй юм бол. Нэр хүндийг нь ашиглаж улс төр хийдэг увайгүй үйлдлээ хэзээ зогсоох вэ. Энэхүү хөдөлгөөнийхөн өнгөрөгч аравдугаар сарын 30-ны өдөр гуравдугаар хуралдаанаа хийх үеэр “төрийг шинээр эмхэлнэ” гэх утгатай зүйл хэлснийг нь хэвлэлийнхэн шүүрч аван мэдээлэл хийчихсэн юм билээ.

Тэр ч байтугай, “Ерөнхийлөгч бидний тэмцлийг дэмжиж, бүрэн хүлээн зөвшөөрсөн. Төр мухардалд орсныг хүлээн зөвшөөрлөө. Тиймээс арваннэгдүгээр сарын 07-ны өдөр УИХ-ыг тараах ёстой гэж үзлээ. Монгол төрийг шинээр эмхлэн байгуулна. Ард түмний оролцоотойгоор Ардын түр хурлыг байгуулна” гэж мэдэгдсэн хүн нь Б.Баярмагнай генерал. Гэтэл, ЕТГ-ын дарга З.Энхболд албан ёсны тайлбар өгөхдөө “Ерөнхийлөгч энэхүү хөдөлгөөнийг дэмжээгүй. Тэр хүнийг Ерөнхийлөгч танихгүй. Б.Баярмагнай нэг удаа зурагтаар генерал хувцастай гарч байсан.  Ерөнхийлөгчийн хувьд Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөх Д.Даваагаар дамжуулан генерал хувцас хэрэглэх журам зөрчиж байгааг, дахин тийм алдаа гаргахгүй байхыг сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй. Хэрэв өмсөх юм бол хүлээлгэдэг хариуцлага бий. Сонгууль ойртох тусам төрийн эргэлт зэрэг солиотой юм ярьдаг хүн олон болно. Ямар нэгэн байдлаар олны анхааралд орох гэсэн горилогч нар олон бий. Тэр болгонд тайлбар хийгээд байх боломжгүй. Төрийн эргэлт хийх гэж оролдвол ял авдаг хуультай” гэсэн тайлбар өгчихлөө. Харин энэхүү тайлбарын дараа өнөөх хошууч генерал эхний ярьснаасаа тэс өөр зүйлийг ярьчихсан давхиж явна лээ. Тэрбээр, “Бидний ард Монголын ард түмэн байгаа шүү. Бухимдсан иргэдийн тэмцлийг дарах гэж мушгин гуйвууллаа. Ерөнхийлөгчид шаардлагаа өгөхөд хүлээж авлаа гэж л бичсэн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж, ард түмнийг турхирч байна” хэмээн өөрийгөө зөвтгөх нь тэр. Бүр “Генерал цолоо авахыг хүсээд байгаа бол ав.

Дараагийн хүнээс нь би гуйж биш гуядаад авчихна” гэж томорлоо. Энэ юу гэсэн үг вэ. Монгол төрийн эрхэм хүндтэй цэргийн цолыг дураа хүрэхээр авдаг, дургүйгээ хүрэхээр хаяж болдог гэсэн үг үү. Эр цэргийн албанд хоёргүй сэтгэлээр ажилласан үнэн л юм бол гавьяаныхаа амралтад гараад генерал ёсоор хүндлүүлээд явж чадсангүй юу. Их хурлын гишүүн болох гэж улайрч явсан нь худлаа биш. Тодруулбал, 2016 оны сонгуулиар Дундговь аймагт бие дааж нэр дэвшиж байлаа. ХҮНамд элссэн нь бас саяхных. “Төрийн ажлаа хүлээлгэж өгөөд гавьяаныхаа амралтад суухыг хүссэн юм” хэмээн шалтгаанаа тайлбарлаж байсан ч улс төрд орж ирэхийн тулд ийм шийдвэр гаргасан нь тодорхой байгааг хэчнээн нуух гээд ч дарагдсангүй ээ. Ахмадуудын нэр хүндийг ашиглаж, албан тушаалд хүрэх гэж байгаа увайгүй үйлдлээ яагаад хаацайлж, нуухыг хүснэ вэ, та. Өнгөрөгч сонгуульд ялагдчихаад өөрийн нүүр номондоо “Үндэсний аюулгүй байдал алдагдлаа”, “Тусгаар тогтнолд гадныхан заналхийлж байна” гэх мэтээр сүртэй, сүржин нийтлэл бичиж байсан нь энэ хэмжээнд хөдөлгөөн байгуулах, иргэдийг үймээн самуун, жагсаал цуглаанд уриалан дуудах шалтгаан болоогүй л байлтай. “Бид бол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гаднын зэвсэгт хадлага, түрэмгийлэгчдээс хамгаалах үндсэн чиг үүрэгтэй сургагдсан цэргүүд” хэмээн нэгхэн жилийн өмнө ярьж байсан атлаа өдгөө тангараг өргөсөн эх орондоо эмх замбараагүй байдал авчрахаар уриалж, түүнийгээ ард иргэдийн бухимдал хэмээн тайлбарлаж явааг зөвтгөх ухаан хүрэхгүй юм.

“Цэр нь цээжиндээ бөөр нь бөгсөндөө” гэдэгчлэн төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тань үнэн юм бол төр, ард түмэн хоёроо талцуулах энэ мэт муйхар үйлдлээ зогсооно уу. Генералын хувцас өмссөн зургаа байсхийгээд л сүржин мэдэгдэлтэй шэйрлэж, хошууч генералын цолоороо түмнийг айлгаж, бухимдуулж байгааг тань зөв үйлдэл гэж хэн ч харахгүй байна. Энэ бол ард түмнийг үймээн самуун, жагсаал цуглаанд уриалсан буруу үйлдэл. З.Энхболд даргын хэлснээр хуулийн хариуцлага хүлээх асуудал ч болж мэдэх юм. Юманд бас хэмжээ, хязгаар байх ёстой. Тиймээс албан тушаалд хүрэхийн тулд явуургүй улс төр хийх гэж байгаа бол мөрдэсээ далд хийж, фронтын тэргүүн гэдгээрээ л яв. Өргөсөн тангаргынхаа талаар үг үсэг ч битгий унага. Хошууч генерал цолоо хураалгачихаад төрийн эсрэг үймээн, жагсаал цуглаанаа зохион байгуул гэж зөвлөе. Хошууч генерал нь төр, ард түмнийг талцуулдаг, түүндээ Ерөнхийлөгчийн нэр барьдаг, хэдэн ахмадуудыг эгнүүлж суулгачихаад “Төрийг шинээр эмхэлнэ” гэсэн сүржин мэдэгдэл хийгээд байвал Монгол Улсын ҮАБ, Тусгаар тогтнолын тухай ойлголт юу болох билээ. Насаараа уншсан тангараг чинь бас юу болж хувирах вэ, генерал аа. Эх орныхоо төлөө гэсэн ганцхан тангаргаа нэр төртэйгөөр биелүүл. Гэхдээ ийм байдлаар биш. Эгэл иргэний хувиар энэ үйлдлийг тань дэмжээгүй учраас ил шулуухан бичлээ. Эх оронч хүний үйлдэл ийм байдаггүйг бас тунгаан бодоорой. Батлан хамгаалах салбарыг удирдаж явсан нэр хүндээ ч гэсэн хайрлахсан.