ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байгалийн үзэгдлүүдийг баривчил, хуулийнхаан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-28

Монгол Улсын төр засгийн түвшинд бодлого боловсруулж суугаа улстөрчид гаргаж буй бодлого, шийдвэр бүртээ ямар ч буруугүй байдаг юм. Тэд хамгийн зөв шийдвэрийг гаргадаг гэнэ билээ. Гагцхүү шийдвэр гарсан хойно, эсвэл гаргасны дараа өөр нэгэн, өрөөл бусад ч бус байгаль ажлыг нь баллуурддаг. Одоогоос яг нэг жилийн өмнө Улаанбаатар хот тэр чигтээ үмхий үнэрт живсэн. Тэгэхэд Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийж, хотын салхины чиглэл өөрчлөгдсөн учраас хотод үнэртээд байгаа юм. Түүнээс биш бид үнэргүй болгох ажлыг хийгээд эхэлчихсэн хэмээн мэдээлэл хийж байлаа. Харин энэ нь жилийнхээ ой дээр ирэх үед дахиад л хотын иргэд байж суух аргагүй болтлоо цэвэрлэхийн үнэрт “мансуурлаа”. Нэг жилийн дотор үнэргүй болгож, чадахгүй бол хар толгойгоороо хариуцна хэмээн мэдээлэл хийж байсан сайд, түүний хариуцдаг яамнаас энэ удаа дахиад л салхинд бурууг өгөв. Тэд ажлаа эрчтэй хийж, яг л дуусгах гэж байтал салхи баруунаас салхилсан учраас хотод цэвэрлэхийн бохир үнэртсэн гэж тайлбарлаж байна.

Дахиад л байгалийн хүчин буруутай болов. Ерөөс МАНай дарга нар өнгөрсөн гурван жилд нэг ч удаа буруутай үйлдэл хийж байгаагүй юм шүү. Татвар нэмж, хүүхдийн мөнгө өгөхөөс татгалзсан буруутан нь ОУВС-гийнхан. Шатахууны үнэ нэмэгдсэн нь Засгийн газрын буруу биш. Харин ОХУ-ын хилийн үнэ нэмэгдсэнээс болсон. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаад мөн л төр буруугүй. Тэр ч байтугай ЖДҮХС-гаас нь улстөрчид хулгай хийх нь буруу биш бөгөөд ах дүү, амраг садан, тойргийн иргэддээ туслах гэсэн чин сэтгэл нь буруутай юм билээ. Төрийн түшээ “бандаашны” хэрэгт холбогдоход архи л буруутай байдаг. Гаргасан шийдвэр, явуулсан ажил бүхнийг нь баллуурддаг “байгаль” гэдэг хамгийн том буруутныг бултаараа шүүж, шүүмжилж, ирэх жилүүдэд эрх баригчдад саад учруулахгүй байлгах үүднээс хорьсон ч болж байна. Монгол төрийн мэргэн шийдвэрийг зориуд санаатай тасалдуулж, эрх баригчдыг эвгүй байдалд оруулж буй салхи тэргүүтэй байгалийн үзэгдлүүдийг дахин даврахгүй болтол дарах ажлыг хуулийнхан хиймээр байна. Эс тэгвээс төрийн шийдвэр тэднээс болж нуран унаж байна. Илүү олныг нуршихгүйгээр эрх баригчдын шийдвэрт байгалийн үзэгдэл хэрхэн саад учруулж байсныг эргэн сануулъя.

 

Су.Батболд: Нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орлоо 

/Нийслэлийн Засаг дарга асан/ 

-Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна. 

Эх сурвалж: zaluu.com /2016.11.18/

 

П.Ганхуяг: Шүлхий өвсөөр дамжсан байсан 

/Мал эмнэлэг, үржлийн газрын дарга/ 

-Өнгөрсөн онд зуншлага муу байсан. Дундговьд л гэхэд 13 аймгийн 900 гаруй мянган мал оторлосон. Энэ үеэр хорио цээрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй. Өвсөөр шүлхий дамжсаныг мэргэжлийн байгууллага тогтоосон тул улсын нөөцөөс өвс тараадгийг зогсоосон. Цаашид вакцинжуулалтыг дөрвөн жил дараалан хийвэл дахин шүлхий дэгдэхгүй. 

Эх сурвалж: news.mn /2018.05.13/  

 

П.Сэргэлэн: Энэ жил нар эрт жаргасан

/ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан/ 

 

-Их насны уралдаан болж, зөвшөөрөлгүй олон машин дагасан. Үүнээс болж, маш их тоос гарч үзэгдэх орчинд нөлөөлсөн. Баянтал сум цасгүй хуурай байлаа. Тиймээс соёолон насны уралдааныг маргааш нь зохион байгуулахыг үзсэн ч уяачид үүнийг эсэргүүцсэн. Уралдаан талдаа орох үед бүрэнхий болчихсон. Ийм л нөхцөл байдалтай уралдаан болсон. Унаач хүүхдийг дахин шалгах гээд комиссын хувьд хяналт хийх маш их ажил байсан. Хамгийн хүндрэлтэй нь зөвшөөрөлгүй машин олон байснаас асуудал гарсан. Маш олон үзэгчид байсан. Морьд барианд ороход 18.30 цаг болж байсан юм. Энэ жил нар эрт жаргасан. Уяачдынхаа шаардлагаар нартай үед уралдааныг амжуулах гэж хичээсэн байгаа.

Эх сурвалж: news.mn 

 

Ч.Улаан: Цаг агаар хүндэрсэн нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн 

/ХХААХҮ-ийн сайд/ 

-Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр махны нийлүүлэлтийн байдалд саатал гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд орон нутгаар цаг агаар хүндэрсэн нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. Мөн шатахууны үнийн өсөлт, гарал үүслийн баталгаажилт хангагдаагүй гэх мэт шалтгаануудаас үүдээд зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн байдал 30-50 хувиар тасалдсан нь махны нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ савлахад хүргэсэн. Үүнтэй холбогдуулан, хэд хэдэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон.

Эх сурвалж: zaluu.com /2019.05.14/ 

 

Д.Анхбат: Салхины чиглэлээс шалтгаалж үмхий үнэртсэн 

/БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн/ 

-Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлын хүрээнд Улаанбаатар хотын одоо ажиллаж буй хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, хажууд нь хадгалагдаж буй лагийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн. Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил эхэлсэнтэй холбоотой үнэр гарч байна. Эхний лаг задлах, халдваргүйжүүлэлт хийх явцад тодорхой хэмжээний үнэр гарч салхины чиглэл хурдаас шалтгаалан Улаанбаатар хотод ихээр үнэртэх явдал гарч байна. 

Эх сурвалж: peak.mn /2019.05.27/