ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Алтан карт чинь хэнд явна аа, Д.Жигжиднямаа дарга аа!

O.Admin
2019-06-19

-Энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч байгаа гэх мэдээлэл бидэнд олдлоо-

 

Маш их мөнгөн дүнтэй виза картыг зөвхөн урсгал зардал буюу цай, кофе, дарга цэргийн бэлэг, хоолонд зарцуулахын тулд ашигладаг хэмжээлшгүй эрх мэдлийг “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зарим удирдлагууд эдэлдэг тухай яриа сонсчихоод чихэндээ ч итгээгүй гэдгээ нуух юун. Барьж үзсэн ч бараг нүдэндээ итгэхгүй байх. Сарын цалин болох 700 мянган төгрөгөөсөө сардаа байрны лизинг, утас, унааны мөнгө, хоол хүнсээ аваад, ганц удаа үсээ засуулах ч мөнгөгүй үлдэж байгаа ажилтан, албан хаагчид энэ байгууллагад хэдэн зуугаараа байгаа. Нийт ажилчдынх нь бараг 50-иас илүү нь сардаа 700 мянган төгрөгийн үндсэн цалин авч байгаа гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэтэл өөрийнхөө цалин, ХНН-ээс өгдөг урамшууллаас гадна, байгууллагын нэр дээр байх алтан картаар өдөртөө 1.2 сая орчим төгрөгийн гүйлгээ хийж, хангалт эдэлдэг дарга нар байдаг гэхээр хэний ч санаанд багтахгүй биз дээ.

Ажилчид нь ч үүнийг уншаад итгэхийг хүсэхгүй нь мэдээж. Эсвэл би буруу бодож байна уу. Ийм эрх мэдлийг ер нь хэчнээн төрийн байгууллагын дарга нар эдэлдэг юм бэ, Ерөнхий сайд аа. Дан ганц УБТЗ-ын удирдлагууд ийм давуу эрхтэй байдаг юм уу. Тэгвэл бусад нь бас барьцах шаардлага гарч таарна. Төрийн өмчит бүх компанийн захирлуудад ийм эрх мэдэл байдаггүй гэж хэлээд өгөөч, та. Алтан картыг ашиглах эрхийг тийм ч олон хүн авч чадахгүй нь мэдээж биз. Хамгийн дээд албан тушаалтан юм уу, эсвэл УБТЗ ХХН-ийн Ерөнхий хорооны нарийн бичгийн даргад л энэхүү эрх мэдэл байдаг байх. Тэгэхээр картыг яг одоо хэн ашиглаж байна вэ. Тэр хүнийг олмоор байна, Д.Жигжиднямаа дарга аа. Учир нь урсгал зардалд ашиглах ёстой энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч байгаа гэх мэдээлэл олдлоо. Гүтгэсэн л гэж битгий хэлээрэй дээ.

Бид энэ мэдээллийн араас явна аа. Сардаа 20 гаруй сая төгрөг, өдөрт 1.2 сая төгрөг зарлагадаж байна гэсэн үг биз дээ. Ажлын 250 гаруй хоногт өдөр бүр л зарлага гарсан байна гэсэн үг. Ийм аймшигтай тансаглал гэж байх уу. Энэ улсад яаж амьдардаг гэхээр өдөрт 1.2 сая төгрөг зарцуулдаг юм бэ. УБТЗ-д үргэлж гаднаас зочин, гийчин ирдэг гэж бодохгүй байна. Ирсэн болгон нь өдөртөө л сая төгрөгөөр цай кофе ууж, хоол иддэггүй байх. Жилдээ л цөөхөн удаа ОХУ-ын талаас дарга, “цэрэг” ирсэн байдаг. Тэр болгонд гаргаж байгаа бол олон зүйл ярихгүй. Гэтэл сар бүр тодорхой хэмжээгээр мөнгө гарч байна гэхээр “Н виза” буюу “Алтан карт” чинь ямар ч хяналтгүй, хэн нэгний халаасанд цалингийн карт шиг нь яваад байна гэсэн үг биз. Үүнд хэн хяналт тавьдаг юм бэ, Д.Жигжиднямаа дарга аа. Уул нь таны дарга болоод гаргасан тушаал ёсоор бол УБТЗ гэх байгууллагын дор үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй аж ахуйн нэгжийн дарга, цэрэг бүхэн саяас дээш төгрөгийн зарлага гаргах бол заавал УБТЗ-ын даргаасаа эхлээд Орлогч, санхүүгийн алба, нягтлан няравтай гэрээ байгуулж, гарын үсэг зуруулж гаргадаг гэнэ лээ. Хаа, хаанаа хатуу хяналттай гэж ойлгодог. Гэвч энэ карт яагаад, ямар сиймхий дундуур ингэж замбараагүй яваад байдаг юм бол. Эсвэл та эрхийг нь өгчихдөг юм уу.

Ингэж л хардах шаардлага үүсч байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан танай байгууллагад ажиллахдаа “сахилга, хариуцлагыг дээд зэргээр хангаж, шат шатандаа хатуу хяналт тавьж ажиллах”-ыг даатгаад гарсан. Энэ ажлаа даруйхан хийж, “Алтан карт”-аар тансаглаж буй даргаа олонд ил болгоно уу. Дарга таныг арай ч ийм их мөнгө үрдэг гэж бодохгүй байна. Учир нь Хөрөнгө орлогын мэдүүлгийг тань харахад нэг ч компани, аж ахуйн нэгж, том хаус, хувийн бизнес, эзэмшил газар байхгүй атлаа 390 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой юм билээ. Замын даргын цалин болон Контрактын цалинг тань тооцоод үзвэл арай ч байгууллагынхаа нэр дээр байгаа картнаас мөнгө авах хэмжээний орлогогүй нэгэн биш гэж найдаад байгаа юм.Тэгэхээр хэн гэгч этгээд нэг ажилтныхаа бүтэн сар хөдөлмөрлөж олдог, жирийн албан хаагч бидний сар чөмгөө дундартал зүтгэж, олдог мөнгөөр өдөр бүхэн тансаглаж явааг олно гэж найдъя. “Улаанбаатар төмөр зам” ХХН ашигтай ажилладаг гэдгийг хэн ч мэднэ. Олон талаар ч манлайлж яваа дуулддаг, сонин хэвлэлээр гарч байна. Гэвч төрийн юм, хоёр улсын дундын өмч гэдэг байдлаар ийм хариуцлагагүй, хайхрамжгүй, хяналтгүй мөнгө үрж болдог хэрэг үү. Дахиад хэлэхэд, бид энэ сэдвийг орхихгүй. Үргэлжлүүлэн хөндөж, асуудлыг ил тод болгоно. Харин та бидэнд туслаарай. Хамтдаа хариуцлагыг бий болгож, төрийн өмчөө, түүнээс гарч буй мөнгөө гамная. Санал нийлж байгаа гэж найдаж байна шүү, дарга аа. 

Б.ЭРХЭС