ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, М.Энхсайхан нар иргэдийн боловсролд анхаарна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-03

Улс төрд өөр өөрийн замаар танигдаж, бас адлуулж явсан улстөрчид нэгдэж, иргэдийнхээ боловсролд анхаарахаар болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Ганболд, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, МҮАН-ын дарга М.Энхсайхан, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, ИЗНН-ын дарга асан С.Оюун нар “Боловсрол төвтэй улс төр” гэх ТББ-ыг байгуулж, өнөөдөр анхдугаар хурлаа хийжээ.

Боловсролоор дамжуулан улс орноо хөгжүүлэх энэхүү төрийн бус байгууллагын цаад зорилго нь одоогоор тодорхой бус байна. Улс төрийн зорилгоор байгуулагдсан уу, цаашдаа нам болох уу гэдэг хариултыг ч тэд өгөөгүй байна.

Гэвч сонгууль дөхсөн энэ үед нам намдаа адлагдаж яваа улстөрчид нэгдсэнийг харвал зүгээр ч нэг сайн дурын байгууллага биш бололтой. АН-аас Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нар гал таслах нь гэж хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан. Гэсэн ч тэд намдаа нэг нь дэд дарга, нөгөө нь Гадаад харилцаа хариуцсан албан тушаал хашиж байлаа. Харин энэ удаа намаасаа гарах нь нэгэнт тодорхой болов уу хэмээн олон нийт харж байна.

Нөгөөтээгүүр, эдгээр хүмүүс Монголын төрд УИХ-ын гишүүнээс эхлээд Ерөнхий сайд болтлоо дэвшин ажилласан хүмүүс. Бодлого тодорхойлох өндөрлөгт ажиллаж явсан атлаа иргэнээ боловсролтой болгоогүй, энэ хүртэл явсныг нь гайхмаар. Угтаа өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр төдийгөөс өдийг хүртэл улс төрд явахдаа иргэнээ боловсруулж чадаагүй эдгээр хүмүүс одоо хэнийг боловсруулж, хэнд таалагдах гэж явааг ойлгох аргагүй юм.