ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгийн 185 объектыг зарж, улсыг хохиролгүй болгоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-03

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьж, нийтдээ 100 гаруй сая ам.доллар завшсан “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийг хураах, худалдан борлуулж, улсад учруулсан хохирлыг барагдуулах талаар шийдвэр гарчээ.

Улмаар, ажлын хэсэг байгуулсан бөгөөд нийт 7-8 хүн ажиллаж, 185 объектыг нь зарж борлуулна гэлээ. Эдгээрийг тооцож үзвэл, нийтдээ 98 тэрбум төгрөг болох бөгөөд “Жаст” группын нэрээр үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээс станциуд ч байна гэсэн юм. Хуралдааны шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Л.Оюун-Эрдэнэ сайдын тухайд өмнө нь энэ асуудлаар мэдээлэл хийж байсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас төлж барагдуулсан 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээр төлүүлнэ гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс АТГ-т хүсэлт гаргаж, түүний нэр дээр байдаг хөрөнгийн жагсаалтыг гаргуулж авчээ. Тэрбээр, ““Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Төрийн өмчийн хороог хохирогчоор оролцуулж байна. Хууль хяналт, прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт дахин хандана. Ш.Батхүү улсыг 160 сая ам.долларын өрөнд оруулсан. Үгсэн хуйвалдсан уу, эсвэл ганцаараа энэ бүхнийг хийж, гарын үсэг хуурамчаар үйлдсэн үү гэдгийг ч тодорхой болгоогүй.

Ерөөс төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан хүмүүс маш олон байна. Хөгжлийн банкнаас зээл авчихсан хүмүүс төлөхийг ч хүсэхгүй байгаа. Зориудаар ч төлөхгүй гэж авдаг байх. Энэ бүхэнтэй тэмцэнэ. Монгол Улсын шүүх мөнгө угаасан энэ мэт хэргийг нэг ч удаа шийдээгүй.

Эндээс болж, олон улсын байгууллагууд биднийг хараандаа авчихсан” хэмээлээ. Ш.Батхүүгийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа бөгөөд хэрвээ дуусчихвал суллагдаж гарч ирээд, эргээд л энэ бүх эд хөрөнгөө эдэлж, хэрэглээд явах аж.

Тиймээс ял завших боломжийг олгохгүйн төлөө хуулийн байгууллагад хандана гэсэн юм. Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэж төлөөгүй иргэдийн асуудлаар ХХААХҮЯ дээр байгаа бүх бичгийг шалгаж байгааг мөн мэдэгдлээ.

“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг үзнэ үү.