ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-03

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн саналыг хүлээж авах эсэх талаар шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яарч сандран, нэг хэмжиж хэлэлцэх бус, баяр наадмын дараа олон талаас нь тооцоо судалгаатай хэлэлцэнэ үү” гэсэн албан бичиг илгээсэн билээ. Энэ асуудлаар олонхийн бүлэг хуралдан, байр сууриа нэгтгэснийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр, “Үндсэн хуулийг хэлэлцэх журмын тухай хуулиар Үндсэн хуулийг хэлэлцэх явц тасалдах ёсгүй. Гэхдээ МАН-ын бүлгийн зүгээс ярилцаж үзээд энэ сарын 16-ны өдрөөс Үндсэн хуулийг хэлэлцэх УИХ-ын чуулганыг үргэлжлүүлнэ гэж шийдлээ.

Гэхдээ эдгээр ажлын өдрүүдэд долоон байнгын хороо болон ажлын хэсэг, дэд хороод хуралдаж 100 гаруй зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэж, томъёолох ажлуудыг хэлэлцэнэ. Ирэх даваа гарагаас эхлэн байнгын хороод хуралдана. Энэ баасан гарагт хаврын чуулганыг хаагаад, ээлжит бус чуулганыг нээхээр боллоо” гэсэн юм.

Ээлжит бус чуулганыг нээсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс энэ сарын 16-нд чуулганд оролцох бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлгийг долдугаар сарын 19 гэхэд дуусгаж, 20-ны өдрөөс эхлэн ард түмний санал асуулгыг эхлүүлнэ гэлээ.