ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

КОНГРЕССООС "УЛААНБААТАРЫН ТУНХАГ"-ИЙГ БАТАЛЛАА

O.Admin
2019-07-04

 Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг амжилттай зохион байгууллаа. 
Конгресст гадаад, дотоодын 600 төлөөлөгч оролцоно гэж төлөвлөж байсан ч тооцсоноос бараг 100 хүн илүү ирсэн. Нийт оролцогчдын 40-өөс илүү хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. 
      Конгрессын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх замаар тогтвортой нийгмийн хөгжил болон эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах талаар сайн туршлага, сургамжуудаа хуваалцах, түүнийг хэрэгжүүлэх бүс нутгийн нэгдсэн загварыг бий болгоход оршиж байсан бөгөөд хэлэлцсэн асуудлаар "Улаанбаатарын тунхаг"-ыг батлан гаргасан. Энэ нь 2023 он хүртэл Ази, Номхон далайн бүсийн орнууд “Хэнийг ч орхихдуулахгүй байх” зарчмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандах, тэдэнд хүртээмжтэй нийгмийг бий болгоход чухал ач холбогдолтой төдийгүй Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь Тогтвортой хөгжлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох бичиг баримт юм. 
     Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтойг нийтээр хүлээн зөвшөөрөх шаардлага бийг ч энэхүү тунхагт тусгасан.